Дэлхийн дайтай хөгжье гэвэл дэргэдэх хөрсөө бэлдсэн нь дээр сэн

Ц.Чимэдцэеэ
2025-02-01

Ая тухтай, сайн сайхан амьдрах эсэх нь гагцхүү тухайн иргэний хариуцлагын асуудал. Гэхдээ бас нэг зүйл сануулахад, манай улс үндсэн хуулиараа төрийн байгууллаа бататгаж, ардчилсан замналд шамдсан. Энэ тохиолдолд төр иргэний үндсэн эрхийг хангах, баталгаатай  эдлүүлэх үүрэг хүлээж буй.

Тэгвэл тэд үүргээ хэрхэн биелүүлж байгааг зорчих эрхийн хүрээний нэг асуудлаар сурвалжилъя.

Настай хүн чинь найзтайгаа ч уулзах эрхгүй болдог юм байна

Иргэн "А" нь 67 настай эмээтэйгээ Баянзүрх дүүрэгт хамтдаа оршин суудаг. Нэгэн даваа гарагт "А"-г гэртээ байхгүй үеэр түүний эмээ 20 жил уулзаагүй үе тэнгийн найзтайгаа цаг болзжээ. Эмээ 15.00 цагийн үед  хотхоныхоо ойролцоо автобусны буудалд ирсэн ч ямар автобусаар зорчихоо мэдэхгүй байлаа. Мэдээллийн самбараас нь олох гэсэн ч бичиг нь хэтэрхий жижигхэн бөгөөд аль чиглэлд, ямар маршрутаар явахыг ойлгох аргагүй байв. Ийнхүү 40 минут өөр хүнээс тусламж хүсэхээр хүлээсэн ч ирээгүй тул уулзалтаа цуцалжээ. Түүний найз хөдөө орон нутагт оршин суудаг бөгөөд удалгүй нутаг буцсан байна. Энэ тухайгаа "А"-д “Настай хүн чинь найзтайгаа ч уулзах эрхгүй болдог юм байна” хэмээн гомдолтой өгүүлсэн аж.

Мэдээллийн самбараа мэдээлэлжүүлье

Төр ая тухтай орчин, нөхцөл бүрдүүлээгүйгээс иргэн зорчих эрхээ эдэлж чадаагүй наад захын жишээ ийм байлаа. Одоогоос нэг жилийн өмнө автобусны буудлын мэдээллийн самбарын ойлгомжгүй, тодорхойгүй асуудалд олон нийт дургүйцлээ илэрхийлж байсан ч өдийг хүртэл шинэчилж, сайжруулаагүй.

Энэ оны эхний хагаст мэдээллээ байршуулна

Иргэд ийнхүү аж төрөх зуур төрийнхөн юу бодож, юу төлөвлөж, хийж байгааг Нийтийн тээврийн бодлогын газраас тодрууллаа.

Тус газрын Тээврийн бодлого, судалгааны хэлтсийн дарга Д.Баясгалан “Чиглэлийн мэдээллийн зураглалыг автоматаар боловсруулах системийг хийлгэсэн. Одоо үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ.  Энэ ажлын хүрээнд Нийслэлийн засаг дарга 2025 оны 1 сарын 9-нд тухайн автобусны зогсоолд түүнийг дайран өнгөрдөг чиглэлүүдийн транзит газрын зураг байршуулах А/13 дугаар захирамж гаргасан. Уг  зураглалыг системд автоматаар боловсруулдаг байхаар хөгжүүлэлт хийх аж ахуйн нэгжийг шалгаруулах тендер зарлахаар ажиллаж байна. Энэ оны эхний хагаст дээрх зураглалын дагуу автобусны зогсоолууд дээр мэдээллүүдийг байршуулахаар төлөвлөсөн” хэмээв.

Эд ч бас зовлонтой л

Сая дурдсан систем цахимаар автобусны маршрут өөрчлөгдөхөд цахим цаг алдалгүй шинэчлэх боломжийг бүрдүүлэх аж. Өмнө нь автобусны маршрут өөрчлөгдөхөд чиглэлийн мэдээллийг Фотошоп(Photoshop) ᠋᠋программ дээр гар аргаар шивж оруулдаг байсан нь ихээхэн цаг хугацаа, хүн хүчний алдагдал үүсгэдэг байсан талаар тус газрын Зогсоолын төлөвлөлт, сүлжээний инженер Б.Амарзаяа дурдлаа.

Зууны нэг нь асуудалгүй

Мөн шинээр боловсруулсан чиглэлийн мэдээллийн зураглалыг “Хангарди цогболбор” автобусны буудалд жишиг болгон байршуулсан. Цаашид тус загварын стандартыг батлуулахаар ажиллаж байгаа аж. Одоо тэдэнд тендерээ шалгаруулах, системээ хөгжүүлэх, зураглалаа хэвлэн байршуулах гээд 99 ажил үлджээ.

Эхний ээлжийн 451

Нийслэлд ажлын өдөр 124  чиглэлд 1111 тээврийн хэрэгсэл 1280 автобусны зогсоолыг дайран өнгөрч, иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ хүргэдэг. Одоогоор дээрх зогсоолуудаас 451 нь чиглэлийн мэдээллийг байршуулах боломжтой шилэн хийцлэл бүхий тохижилттой. Харин үлдсэн нь мэдээлэл байршуулах боломжгүй. Саравч, дулаан зогсоолын байгууламжийг шинээр хийх шаардлагатай юм байна. 

Уулын бугыг үзээд унасан бухаа хаяхын үлгэр

Төрийн ажлын шат дамжлага, хүнд суртал гагцхүү иргэдэд үзүүлэх төмөр нүүр ч бус элэг зүрх дотооддоо хүртэл нэвширтэл шингэсэн бололтой. Ямар сайндаа л хариуцсан газар нь өдий хүртэл ганцхан системээ ч хөгжүүлж чадахгүйгээр нам даруулсан байх вэ дээ. Хар ухаанаар санахад Засгийн газрын 14 мега төсөлдөө л дарагдсан болов уу.

14 “мийгаа” маань эрэмбэ дарааллаа ч тогтоон, эхнээсээ хоёр, гурав дахь шатандаа орсон. Эрэмбийн нэгдүгээрт монгуулчуудын насаараа мөрөөдсөн метроны төсөл заларлаа.

Гэтэл бидний муу автобус адилхан л нийтийн тээвэр.

Ялгаа нь одоо цаг дээр бидэнд байгаа гол хөл залгуулагч. Түүнийг тойрсон жуман алдаа байгаа. Захаас нь засаач гээд бүтэн жил тойроход байдгаараа л байна. Нэг ёсондоо уулын бугыг үзээд, унасан бухаа хаяхын үлгэр амилжээ. Хэт холыг харж яваад, хөл доорхдоо бүдэрчихгүйн тулд дэлхийн дайтай хөгжье гэвэл дэргэдэх хөрсөө бэлдсэн нь дээр сэн. Хэдэн автобусныхаа буудлыг ч төвхнүүлж чадаагүй байж, метротой болохоороо яая гэсэн юм бол доо.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe