Замын хөдөлгөөний зөрчлийг ирэх оноос хяналтын камераар баримтжуулж, торгууль ногдуулна

Ц.Чимэдцэеэ
2025-02-03

Нийслэлд 2606 камер суурилуулжээ. Энэ нь AI технологиор, цагдаа, онцгой, тагнуул зэрэг хууль хяналтын бүх байгууллагатай холбогдсон байна.

Ийнхүү Замын хөдөлгөөний зөрчлийг хяналтын камераар баримтжуулж торгууль ногдуулах хугацааг 2026 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс тооцож эхлэх аж.

Энэ талаар өнгөрөгч бямба гарагт (2025.02.01) Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит IV хуралдаанаар танилцуулжээ.  Улаанбаатар хотод теле хяналтын камерын нэгдсэн төв, есөн дүүрэгт камерын дэд төвүүдийг байгуулж, 176 уулзвар, гарц, 3000 гаруй авто замуудад камер ажиллуулж байна. Ингэснээр өдөрт нэг сая, сард 30 сая зөрчил илрүүлж, баталгаажуулах техникийн боломжийг бүрдүүлжээ. 

Мөн Улаанбаатар хотын нийтийн тээвэр цахим системд бүрэн шилжиж, зорчигч тоолох системийг нэвтрүүлснээр төлбөрийн карт уншуулсан тоотой тулгах боломжтой болсон байна. Ингэснээр Улаанбаатар хот камерын хяналтын системд АI технологиор бүрэн шилжиж, нийтийн тээвэр цахимжсан хэмээн НЗД танилцууллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ утаа, түгжрэл, халдварт томуу зэрэг нийслэлчүүдийг хамгийн ихээр бухимдуулж байгаа асуудал бүрд шийдэл гаргах энэхүү Шуурхай штаб байгуулсан. Бүрэлдэхүүнд нь УИХ-д суудалтай намын төлөөлөл, Засгийн газар, НИТХ-ын төлөөлөл, НЗД байгаа ба Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл зөвлөхөөр ажиллаж байна.

Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тус штабын талаар "Засгийн газраас манай намтай хамтарч ажиллах албан бичгийг хүргүүлсэн. Манай нам дотроо зөвшилцөж, УИХ-тай хэлэлцсэний үндсэнд хамтарч ажиллахаар шийдсэн. Бидний хувьд "Үндэстнээрээ баяжъя" гэсэн бодлогоороо ажиллана. Энэ хүрээнд санал, дүгнэлтүүдээ хэлээд явах болно" хэмээн мэдэгдэж байлаа.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe