Юу юугүй л Зургаан ес нь эхлэх гээд байхад хүйтний эрч чангарна, хамгийн хүйтэн долоо хоног болно гээд УЦУОШГ-аас мэдээлээд байх юм.
Ерөнхийдөө бол хоёрдугаар сарын 5-9-ний өдрүүдэд нийт нутгаар хүйтний эрч чангарч, цас орох төлөвтэй байна. Улаанбаатар хот орчмоор өдөртөө -9…-24 градусын хүйтэн бол шөнөдөө бүр -26…-39 градус хүрч хүйтрэх төлөвтэй байгаа аж.
Зарим үед цаг агаарын мэдээнд итгээд гарахаар илүү хүйтэн байгаа юм шиг мэдрэгдэж, цаг агаарт хууртагдсан мэдрэмж төрдөг дөө.
Тэгвэл энэ нь гадаах температур хүн болон амьтны биед мэдрэгдэхдээ өөрөөр мэдрэгдэхийг хэлж байгаа аж. Өөрөөр хэлбэл, гадаа -15 градус гэж байгаа ч хүний биед -20…-25 градус хүйтэн юм шиг мэдрэгдэхийг хэлдэг байна. Үүнийг wind chill effect хэмээдэг байна. Хүйтэн, сэрүүний улиралд салхины хурд их байвал “мэдрэгдэх температур” нь тухайн агаарын температураас илүү хүйтэн мэдрэгддэг буюу wind chill ихтэй байна гэсэн үг.
Iphone утасны цаг агаарын аппликейшн дээр, жишээ нь, цаг агаар -20 градус гэж байгаа ч доор нь Feels like -24 градус гэснээ (Wind is making it feel colder) буюу “Салхи илүү хүйтэн болгож байна” гэсэн байдаг даа. Ер нь тэр л гэсэн үг. Монголоор бол жавартай байна гэсэн үг юм уу даа.
Тиймээс ирэх долоо хоногийн -25…-39… градусын хүйтэн хүний биед мэдрэгдэхдээ -30…-45 градус бүр -50 градус болж мэдрэгдэж болзошгүй юм. Иймд дор бүрнээ дулаан хувцаслаж, биед халдууцтай хоол хүнс хэрэглэж, амны хаалтаа зүүн, дархлаагаа дэмжээрэй.
Дулаан хувцаслана гээд байдгаар нь баглаад байж бас болохгүй. Сул чөлөөтэй хувцаслах буюу байцаа шиг хувцаславал агаарын давхарга үүсэж дулааныг сайн хадгалдаг аж. Мөн бариу гутал өмсөх, ороолтгүй байх, чийгтэй бохир оймс өмсвөл хөлдөлт амархан явагддаг байна. Түүнчлэн хөвөн даавуун, ноосон малгай, бээлий өмсөж, хүйтний улиралд төмөр, алт, мөнгөн гоёл зүүхгүй байх хэрэгтэй гэнэ.
Сэтгэгдэл үлдээх