УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж буй.
Хоёр өдөр үргэлжилж буй уг сонсголд УИХ-ын гишүүдээс гадна нийт 104 оролцогч бүртгүүлсэн. Тодруулбал, төрийн байгууллагаас 64, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл 46, мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцож байгаа аж.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Найдалаа, агаарын бохирдлыг бууруулж чадаагүй алдаагаа салбарын яамд, холбогдох байгууллагууд хүлээн зөвшөөрч байж, гарц шийдлээ амархан олох, улмаар асуудлыг хариуцлагажуулж эзэнжүүлэх нь чухал гэлээ.
Тэрбээр “Одоо бүгдээрээ бодит байдалтайгаа нүүр тулаад хариуцлагын асуудал ярихгүй бол 2040 онд ч утаа гээд хэрэлдээд л суусаар байх болно. Иймд эхлээд бүгдээрээ яг хэн, хаана, яаж алдсанаа тогтоогоод асуудал хариуцсан яамд, дарга, нийслэл, институтүүд нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. Утаанаас үүдэлтэй яг хэдэн хүн нас барсан нь хүртэл зөрүүтэй, яам нь хоёр өөр тоо гаргаад сууж болохгүй. Цаашид хэн, яг юу хариуцахаа тодорхой болгох хэрэгтэй. Утаагаа, шахмал түлшээ, стандартаа гээд бүгдийг нь яг хариуцах эзэнтэй байлгая. Шийдлээ богино, дунд, урт хугацаагаар ангилан боловсруулж, шаардлагатай бол УИХ-аар батлуулах хэрэгтэй” гэхчлэн байр сууриа илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл үлдээх