Азербайжанд осолдсон онгоцны ослын урьдчилсан дүгнэлт гарлаа

.Graph
2025-02-05

Өнгөрөгч оны 12-р сарын 25-ны өдөр Азербайжаны Эйрлайнс компанийн нисэх онгоц Казахстаны Актау хотын орчимд осолдож 38 хүний амь үрэгдсэн билээ.

Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/ дүрэм журмын дагуу энэ дүгнэлтэд үндэслэн ослын шалтгааны талаар эцсийн тайланг ослоос хойш 1 жилийн дотор багтааж эцэслэн гаргах ёстой аж. Уг ослын шалтгааныг тогтоох шалгалтын урьдчилсан дүгнэлт албан ёсоор гарч эхэлсэн байна.

Бразил улсад хийсэн шинжилгээгээр осолдсон онгоц нь ОХУ-ын армийн агаарын довтолгооноос хамгаалах Панцирь-С төхөөрөмжийн  пуужинд оногдсон болохыг  олж тогтоосон тухай Азербайжаны Засгийн газрын эх сурвалж Ройтерс агентлагт  мэдээлсэн байна.

"Азербайжаны тал осолдсон онгоцноос Панцирь-С пуужингийн хэлтэрхийг олж авснаа олон улсын шинжээчдийн дүгнэлтээр баталгаажуулсан" гэж эх сурвалж мэдээлжээ.

Мөн  Казахстаны зам тээврийн яам 1944 оны Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцийн 13 дугаар хавсралтын шаардлагын хавсаргаж ослын шалтгааныг мөрдсөн ажлын урьдчилсан тайланг нийтэлсэн юм.

Ингэхдээ олон тооны нүх үүссэн онгоцны эх биеийн гэрэл зургийг хавсаргаж, "гадны хүчний нөлөөгөөр осолдсон" гэх ерөнхий дүгнэлтийг танилцуулжээ.

Бразил улсад үйлдвэрлэгдсэн Embraer E190 загварын онгоц нь тухайн үед Азербайжаны нийслэл Баку хотоос ОХУ-ын Чечений нийслэл Грозный хотын чиглэлд нисэж байсан юм.

Энэ үеэр Ар Кавказын бүс нутагт Украины дроны халдлага гарсны улмаас Грозный хотын нисэх буудал онгоцыг хүлээж авахаас татгалзсан гэдэг.

Өнгөрсөн сард Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев ослын бодит шалтгааныг хүлээн зөвшөөрч, буруутай этгээдийг шийтгэж, хохирлыг барагдуулахыг Оросын эрх баригчдад уриалжээ. Харин энэ талаар ОХУ-ын талаас ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe