ОХУ болон Беларусийн хоккейн шигшээ энэ жилийн дэлхийн аваргыг өнжинө

.Graph
2025-02-05

Энэ сарын 3-4-нд Олон улсын шайбтай хоккейн холбооны /IIHF/ удирдах зөвлөлийн хурал болж ОХУ ,Беларусын хоккейн шигшээ багуудыг 2025-2026 оны улиралд IIHF нэрэмжит болох бүх насны ангилалын тэмцээнүүдэд оролцох боломжгүй болгожээ.

Тус холбооны зөвлөлөөс гаргасан энэ шийдвэр нь ДАШТ-д мөн хамаарна. Мөн Оросын шигшээ багийг Олимпын тоглолтод оролцуулах эсэх асуудлыг 3-р сарын 18-21-ний өдрүүдэд Грекийн Олимпиа хотод зохиогдох  Олон улсын Олимпын хорооны 144-р чуулганаар хэлэлцэх юм.  

Өмнөх хурлуудаас ялгаатай нь гэвэл, Оросын хоккейн холбооны олон улсын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч, Олимпын наадмын мөнгө, хүрэл медальт алдарт Павел Буред Оросын талын байр суурийг илэрхийлэх боломж олдов.

“Сүүлийн гурван жилийн хугацаанд манай холбоо болон миний бие Оросын шигшээ багийг олон улсын тавцанд буцаан ирүүлэхийн тулд IIHF ба хоккейн спортын гэр бүлийнхэнтэй идэвхтэй хамтран ажиллалаа. Хамгийн сүүлийн хуралдаанд би гурван удаа үг хэллээ, өмнө нь байр сууриа илэрхийлэх, тэр ч бүү хэл хуралдаанд оролцох боломж олгодоггүй байсан. IIHF манай багийг оруулахгүй гэсэн үндэслэлүүдийн нэг нь оролцогчдын аюулгүй байдал юм. Бидний бодлоор энэ аргумент хангалттай хүчтэй биш. NHL-д 50 гаруй орос тоглож байна. Оросын усан сэлэлтийн тамирчид, шатарчид болон бусад спортын төлөөлөгчид олон улсын тэмцээнд оролцдог, тэнд ямар ч осол гардаггүй. Бидний санал болгож буй нэг зүйл бол дэлхийн өнцөг булан бүрт байгаа хоккей сонирхогчид манай гаригийн хамгийн хүчирхэг багуудын нэгийг дахин нэг удаа тоглохыг харахын тулд би энэ индэр дээрээс үг хэлж байна” гэж П.Буре ярилаа.

Олон улсын хоккейн холбоо 2022 оны гуравдугаар сард Орос, Беларусийн багуудыг ДАШТ-нд оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргаж байсан юм. Мөн 2023 онд ОХУ-ын Новосибирск, Омск хотуудад болох ёстой байсан залуучуудын ДАШТ, Санк-Петербургт болох насанд хүрэгчдийн ДАШТ-ийг тус тус цуцалж байжээ.  Эдгээр шийдвэрийг гаргасан нь тэмцээнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах тал дээр IIHF итгэлтэй бус байснаас үүдэлтэй ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe