Ерөнхийлөгч Д.Трамп АНУ-аас НҮБ-д олгодог бүх санхүүжилтээ зогсоолоо

.Graph
2025-02-05

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гарах, мөн дээр НҮБ-ын Палестины дүрвэгсдэд туслах агентлагт үзүүлэх санхүүжилтийг зогсоох тухай зарлигт гарын үсэг зурлаа.

Ингэснээр тус улсаас НҮБ-д олгох бүх санхүүжилт зогсох юм. АНУ бол НҮБ-ын хамгийн том хандивлагч. 2022 онд л гэхэд 18 тэрбум гаруй ам.долларын санхүүжилт өгсөн нь тус байгууллагын төсвийн гуравны нэгийг бүрдүүлж байсан юм.

Д.Трампийн хувьд хоёр дахь засаглалынхаа хүрээнд Парисын хэлэлцээр, ДЭМБ-аас гарах зарлигийг гаргасан. Мөн зарим улс оронд олгох тусламжаа эргүүлэн татахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн. Дашрамд сонирхуулахад, 2018 онд Д.Трамп анхны бүрэн эрхийн хугацаандаа АНУ-ыг НҮБ-ын Хүний эрхийн комиссоос гаргасан ч Жо Байдены засаг захиргаа 2021 онд гишүүнчлэлээ сэргээсэн байдаг. Зарлигийг Доналд Трамп Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзахаас нэг хоногийн өмнө гаргасан гэдгээрээ онцлогтой болсон талаар тус хэвлэл онцолжээ.

Энэ талаар НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик мэдэгдэхдээ, тус агентлаг, агентлагийн удирдлагууд үр ашиг, инновацыг нэмэгдүүлэхийн тулд олон шинэчлэлийг хэрэгжүүлэх гэж уйгагүй ажилласан гэжээ. Мөн "АНУ-ын НҮБ-д үзүүлэх дэмжлэг нь тоо томшгүй олон хүний ​​амийг аварч, дэлхийн аюулгүй байдлыг сайжруулсан. Ерөнхий нарийн бичгийн дарга өнөөгийн үймээн самуунтай ертөнцөд энэ харилцааг бэхжүүлэхийн тулд ерөнхийлөгч Д.Трамп болон АНУ-ын засгийн газартай үр бүтээлтэй харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байна" гэж гаргасан шийдвэрээ дахин нягтлахыг Вашингтонд уриалжээ.

Гэсэн ч Цагаан ордны нарийн бичгийн дарга Вилл Шарф хэлэхдээ, НҮБ-ын агентлагуудад Америкийн эсрэг байр суурьтай байгаа гэж мэдэгдсэн. Тэрбээр "Ерөнхийдөө, НҮБ дахь Америкийн оролцоо, санхүүжилт болон янз бүрийн улс орнуудад үзүүлэх тусламжийг эргэн харахыг шаардсан. Энэ хүрээнд НҮБ-ын агентлагууд асар их нөөц бололцоотой ч сайн удирдаж чадахгүй, үр дүнгүй ажиллаж байна. Хандиваар тусламж хэрэгтэй хүн бүрийг санхүүжүүлэх ёстой байдаг. Гэхдээ ямар ч тэнцвэр алга" гэж буруутгажээ.

Зарлигт гарын үсэг зурах үеэрээ Трамп НҮБ-ыг үйл ажиллагаагаа сайжруулах хэрэгтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.

Тэрбээр сэтгүүлчдэд хэлэхдээ, "Үнэнийг хэлэхэд тэд ажлаа сайн хийж чадахгүй байна. Ажлаа хийхгүй байна. Бидний шийдвэрлэх гэж хичээж байгаа зөрчлүүдийг шийдвэрлэх ёстой, эсвэл ядаж шийдвэрлэх гэж хичээж байгаа бидэнд тусламж үзүүлэх хэрэгтэй. Бид хэзээ ч тусламж аваагүй. Энэ бол НҮБ-ын гол зорилго байх ёстой" гэжээ. Трамп анхны бүрэн эрхийн хугацаандаа ч, хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа ч АНУ олон талт байгууллагуудыг санхүүжүүлэхийг эсэргүүцэж, харин НАТО-гийн цэргийн эвсэлд хувь нэмэр оруулахыг уриалдаг билээ.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 47 гишүүнийг Ерөнхий Ассамблей гурван жилийн хугацаатай сонгодог. АНУ сүүлийн бүрэн эрхийн хугацаа нь 12 сарын 31-нд дуусгавар болох байлаа.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe