Нүүрсний хэрэг гэх малгайн дор ял сонссон дараагийн хүн УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан боллоо.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс түүний нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, хоёр жил хорин ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэлээ.
Түүний ял шийтгэл нь Эрүүгийн хуульд заасан улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэг юм.
Хэргийг сөхвөл, “Авто замын ангилал шилжүүлэх тухай” тушаалаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгойн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх орон нутгийн чанартай авто замыг улсын чанартай авто замын ангилалд шилжүүлж, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 227 дугаар “Эзэмших эрх олгох тухай” тушаалаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрээс Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум чиглэлийн 407 км улсын чанартай авто замыг түр хугацаагаар зээмших эрхийг “И.” ХХК-д олгож, “С.” ХХК болон “И.” ХХК-иудад давуу байдал бий болгосон тухай шүүхийн шийдвэрт тусгасан байдаг.
Түүнтэй хамт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд мөн хэрэгт холбогдоод байсан бол шүүхийн шийдвэрээр түүнийг цагаатгалаа.
Эргэн сануулахад, 2024 оны гуравдугаар сард З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байдаг.
Улмаар Б.Энх-Амгалан, З.Энхболд нар гомдол гаргаснаар холбогдох эрүүгийн хэргийг есдүгээр сарын 24-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж, хэргийг дахин хэлэлцэхээр болж байв.
Сэтгэгдэл үлдээх