Криштиану Роналдугийн хөшөө “Time Square”-ийн гадаа сүндэрлэн бослоо

.Graph
2025-02-06

Өнөөдөр Португалын алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналдугийн 40 насны төрсөн өдөр тохиож байгаатай холбогдуулан Нью-Йорк хотын “Times Square” талбайд түүний хөшөөг босгожээ. 

Италийн алдарт уран барималч Сержио Фурнари, Роналдуг зөвхөн тамирчны хувиар төдийгүй дэлхий даяарх олон сая, тэрбум хүнд урам зориг өгсөн соёлын шүтээн болгон мөнхжүүлэх зорилгоор 3.6 м гаруй өндөр хүрэл баримлыг бүтээсэн байна.

“Криштиану Роналду бол энгийн нэг хөлбөмбөгчин биш бөгөөд тууштай байдал, гайхамшигт ур чадвараараа дэлхий дахины эв нэгдлийг бэлгэдэгч болж чадсан нь энэхүү бүтээлээ туурвих урам зоригийг надад өгсөн” гэж С.Фурнари ярилаа.

Хөлбөмбөгийн Португалийн шигшээ багийн өмсгөлийн үндсэн өнгө болох Ногоон, улаан, алтан шаргал өнгүүдийг хоршуулан бүтээсэн хөшөө олны анхаарлыг тэр даруй татаж, Португалын далбааг намируулсан шүтэн бишрэгчид хөшөөний эргэн тойронд олноор цугларч байна.  

Өмнө нь К.Роналдугийн өөр нэгэн хөшөөг Португалын Мадейра арлын нисэх онгоцны буудалд 2017 онд байрлуулж байсан боловч түүний царай төрхийг адилхан урлаж чадаагүй гэх олны шүүмжлэлд өртсөн тул жилийн дараа буулгаж байсан юм.

К.Роналду тамирчны урт удаан замналдаа олон шагналыг хүртсэн бөгөөд “Манчестер Юнайтед”, “Реал Мадрид”-д хүчин зүтгэж, Португалын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж ДАШТ-д оролцож байв.  

Сүүлийн есөн жилийн дөрөвт нь “Forbes” сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн өндөр орлоготой тамирчнаар шалгарсан К.Роналду нийгмийн сүлжээний сошиал медиа платформууд дээрээ тэрбум гаруй дагагчтай. Тэрбээр одоо Саудын Арабын мэргэжлийн лигийн “Аль-Наср” клубт тоглож байна.

Уран барималч С.Фурнари ярихдаа, өөрийнх шинэ бүтээл К.Роналдуд урам зориг өгч, бүх цаг үеийн шилдэг хөлбөмбөгчнийг ДАШТ-д түрүүлэхэд түлхэц болно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. “Роналду бэлтгэлээ сайн базааж, сэтгэл санаагаар өөдрөг байвал 2026 онд дэлхийн аварга болно гэдэгт би итгэлтэй байна” гэж С.Фурнари хэлсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe