АНУ-ын нутаг дэвсгэрт эмэгтэйчүүдийн ангиллын спортын тэмцээн, уралдаанд хүйсээ солиулсан трансжендер эмэгтэй тамирчин оролцохыг хориглох тухай зарлигт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зуржээ.
Гарын үсэг зурж буйг телевизийн C-SPAN сувгаар өчигдөр үзүүлсэн байна. Гарын үсэг зурахынхаа өмнө Трамп “одооноос эхлэн эмэгтэйчүүдийн спортын төрлүүд зөвхөн эмэгтэйчүүдэд зориулагдсан байх болно” гэлээ. Тэрбээр “зүүний радикал үзэл санааг дэмжиж, биологийн хүйсийн харьяаллын үзэл санаанаас татгалзсан” хэмээн өмнөх засаг захиргааг буруутгажээ.
“Трансжендер эмэгтэйчүүд 3500 гаруй тэмцээнд оролцож, эмэгтэйчүүдээс ялалтыг нь булаан авсан нь маш өндөр тоо, ингэхдээ тэд зөвхөн эмэгтэйчүүд өрсөлдөх ёстой 11 мянга гаруй тэмцээнд оролцсон” гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч дурдав.
Зарлигт зааснаар, биологийн хувьд эрэгтэй хүмүүсийг эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцуулж буй Америкийн боловсролын байгууллагуудад шалгалт хийж, холбооны засгийн газрын санхүүжилтийг зогсоох хүртэл арга хэмжээ авна. Мөн Дотоодын аюулгүй байдлын яам хүйсээ солиулсан эрчүүдэд Америкийн виз олгохгүй ажээ.
Лхагва гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Ливиттийн хэлснээр, Америкийн Үндэсний Олимпын хороо, Оюутны үндэсний спортын холбоо зэрэг байгууллагууд цаашид эмэгтэйчүүдийн ангиллын тэмцээн уралдаанд эрэгтэйчүүд оролцохыг таслан зогсооно гэдэгт найдаж байгаагаа Д.Трамп илэрхийлжээ. Харин Д.Трампын зарлиг 2028 оны Лос-Анжелес зуны Олимпын наадмын дүрэм журамд хэрхэн нөлөөлөх вэ гэсэн асуултад хэвлэлийн төлөөлөгч хариулсангүй.
Трампын нэгдүгээр сарын 21-ний өдөр гаргасан зарлигт “зөвхөн эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр хүйс байдгийг АНУ-д хүлээн зөвшөөрч, жендерийн үзэл суртлаас татгалзаж байгааг” дурдсан байна. Үүний дагуу жендерийн үзэл сурталтай холбоотой бүх мэдээллийг Холбооны засгийн газрын харьяа бүх байгууллагын мэдээллийн сангаас устгахыг үүрэг болгож, хүйс солиулах мэс ажилбарыг улсын сангаас санхүүжүүлэхийг мөн хоригложээ.
Сэтгэгдэл үлдээх