Баянгол дүүргийн 22-р хороонд нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө нэг байшинд байсан гэр бүлийн 6 хүн угаартаж нас барсан. Байшинд насанд хүрсэн хоёр хүн, 4 хүүхэд гээд зургуулаа байжээ. Тодруулбал, тус хороонд амьдардаг өрх толгойлсон ээж, 3, 9, 15 насны гурван хүүхэд болон хамаатны ах нь бага охинтойгоо байжээ. Харин тухайн гэр бүлийн 17 настай нэг хүү нь хугацаат цэрэгт алба хааж байсан бөгөөд уг үйл явдал болсны дараа чөлөөгөөр гарч ирж, мэдээлэл хийлээ.
Уг залууг Одбаяр гэдэг. Тэрээр Сүхбаатар аймгийн цэргийн ангид алба хааж байжээ. Гэр бүлийнхээ гишүүдийн амийг алдсан тэрээр олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөхийг хүссэн боловч хамаатны ах, эгч хоёр нь мөрдөн байцаалтын шатанд явж буй хэргийн шүүх шинжилгээний хариу гараагүй байгаа тул олон нийтэд мэдээлүүлэхгүй хэмээн шууд дамжуулалтын үеэр татаж чангааж байв. Хэдий түүнийг хориглосон ч Одбаяр сэтгүүлчдийн хүсэлтээр олон нийтэд мэдээлэл өгсөн юм. Түүний хувьд хаана хандаж, яахаа мэдэхгүй хэцүү байдалтай байгааг хэлж байна.
Тэрээр "Би дөрвөн дүү, ээж, ахыгаа нэг дор алдлаа. Би маш их гомдолтой байна. Нүүрс түлдэг байхад ингэж угаартлаа гэдэг асуудал яригддаггүй байсан. Одоо би өмгөөлөгчгүй, хандах хүнгүй. Ярилцлага өгье гэхээр өгүүлэхгүй байна. Хамгийн сүүлд ээжтэйгээ 12-р сард ярихад ээж дүү нар нь сайн байна аа, эхнэр хүүхэдтэй бол гэх мэт ирээдүйн сайхан зүйлс ярьж байсан. Нас барсан дүү нар маань 6, 9, 15 настай. Нэг нь ахын маань бага охин байсан. Ээж минь 1983 онд төрсөн. Ах маань ээжээс 4, 5 ах хүн байсан. Намайг цэргээс чөлөө аваад юм бодолгүй гэр лүүгээ яваад ороход миний дүү сэтгэлээ бариарай, ээж, ах дүү нар нь бурхан болчихлоо сэтгэлээ бариарай гэсэн. Ингээд би ухаан мэдрэлгүй болж, гарч агаар амьсгалж байгаад буцаж орж ирээд юу болсныг асуухад угаартсан гэж хэлсэн. Одоо би цэргээс халагдаж байгаа, тушаал удахгүй гарна.
Намайг ярилцлага өгүүлэхгүй гээд байгаа ах эгч хоёрыг маань ажил явдлын үеэр ЦЕГ-аас дуудаж, 2-3 цагийн турш ухаан мэдрэлгүй мэдүүлэг авсан байна лээ. Мөн мэдээлэл задруулахгүй гэж гарын үсэг зуруулж авсан гэсэн. Энэ талаар би сайн мэдэхгүй. Улсаас оршуулгын зардал гэж 5 сая төгрөг өгсөн. Нэг хүний 800 мянга гэсэн үг.
Хэрвээ томчууд сонсож байвал миний энэхүү асуудлыг шийдэж өгөхийг хүсэж байна. Уг нь гэрт угаар мэдрэгч байсан ч тэр нь ажиллаагүй юм уу, яасан юм мэдэхгүй. Манай ах эгч нар шүүх шинжилгээний хариу эцэслэгдэж гарахаар мэдээлэл хийе гэсэн. Гэхдээ миний хувьд маш гомдолтой байна. Цэрэгт явчхаад ирэхдээ гурван дүүгээ, ээжтэйгээ алдлаа. Миний амьдрал бүрхэг байна. Хөөрхөн дүү нар минь юугаа ч мэдэхгүй байж байгаад өөд болчихлоо шүү дээ.
Миний ээж жирийн л нэг компани үйлчлэгч хийдэг. Биднийг хүнийг дайтай хүн болгосон. Дүүг минь коллеж төгсгөхөд багш нь ирээд танай охинд чадвар байна, дээшээ сайн суралцаж, жүжигчин болгох боломжтой гэж ярьж байсан гэсэн. Дунд дүү маань гуравдугаар анги, түүний доодох дүү нь нэгдүгээр анги. Сая дүүгээ нэгдүгээр ангиа төгсөхөд нь цэргээс халагдаж ирээд бахархалтайгаар тэмдэглэж өгнө гэж бодож байсан.
Надад туслах өмгөөлөгч, хуульч байвал нээлттэй. Боломжоороо надад туслаасай, энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдээсэй" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх