ЦЕГ-аас ойрын өдрүүдэд гарсан гэмт хэрэг зөрчлийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Баянгол дүүргийн 22-р хороонд 1 сарын 23-24-нийг шилжих шөнө нэг гэр бүлийн зургаан хүн угаартаж нас барсан хэргийн талаар мэдээлэл өгсөн юм.
Тухайн нас барсан иргэдийн буюу амь хохирогчийн хамааралтай хүн болох дүү О-г мөрдөн шалгах ажиллагааны оролцогч буюу хохирогчоор тогтоож, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж. Өнөөдөр мэдээлэл өгсөн хохирогчийн хүү О нь хугацаат цэргийн алба хааж байсан тул цагдаагийн байгууллагаас дуудаж, мэдүүлэг аваагүй. Мөн иргэн О-гийн сэтгэл санааны байдал, нөхцөл байдлаас нь шалтгаалж цагдаагийн байгууллагаас огт дуудаагүй гэдгийг мэдэгдэв.
Одоогоор шалгалтын ажиллагаа явагдаж байгаа бөгөөд шалтгаан нөхцөлийг мэргэжлийн шинжээчдийн албан ёсны дүгнэлтээр тогтооно. Зургаан амь хохирогчийн нас барсан шалтгааныг урьдчилсан байдлаар угаартсан байж болзошгүй гэж үзсэн бөгөөд нарийн шинжилгээний хариу гарахаар мэдээлэл өгнө. Тухайн айлд угаар мэдрэгч байсан боловч ажиллагаатай байсан эсэхийг хараахан тодруулаагүй байгаа аж.
Сэтгүүлчдийн зүгээс гэр бүлийн үлдсэн ганц гишүүн болох том хүү О.Одбаярыг “мэдээлэл өгч болохгүй” гэж дарамталсан уу хэмээн тодруулсан юм.
Уг асуултад Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр “Аливаа гэмт хэрэг зөрчил нь хуульд заасны дагуу тодорхой хэмжээний нууцлалтай байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны нууц нь тухайн хэргийн шийдвэрлэлтэд маш чухал нөлөөтэй байдаг тул Эрүүгийн хуулиар тодорхой хэмжээнд хуульчилсан. Энэ хүрээнд хохирогчоор тогтоогдсон дүү О болон түүний гэрийнхэнд мөрдөн шалгах ажиллагааны талаар тайлбарлаж ойлгуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцыг тухайн хүмүүс оролцогчийн хувьд эрх үүргийнхээ хүрээнд мэдэж байгаа тул энэ мэдээллээ задлах нь гэмт хэрэг шийдвэрлэх явцад саад болох эрсдэлтэй талаар сануулсан. Харин өнөөдөр мэдээлэл өгсөн амь хохирогчийн хүү О.Одбаярыг цагдаагийн байгууллагаас ямар нэг байдлаар дуудаж, “мэдээлэл өгч болохгүй” гэсэн асуудал байхгүй. Өнөөдөр мэдээлэл өгч байгаа нь ч буруу гэсэн үг биш. Тэр хүн оролцогч биш учраас хууль сануулах шаардлага байхгүй. Мэдээлэл хийсэн гээд хуулийн хариуцлага хүлээлгэх ч үндэслэлгүй. Цагдаагийн байгууллагаас хүүг авч явсан, саатуулсан зүйл огт байхгүй” гэв.
Ташрамд, олны анхаарлыг татаж, эргэлзээ төрүүлсэн хэрэг тул хуулийн дагуу аль болох хурдан шуурхай шалгалтын ажиллагааг явуулж, үнэн зөв мэдээллийг хүргэхээ цагдаагийн байгууллагаас мэдэгдэв.
Сэтгэгдэл үлдээх