Засгийн газрыг огцруулах саналыг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд

.Graph
2025-02-10

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Засгийн газрыг огцруулах санал гаргасан билээ.Түүний хувьд Засгийн газрыг хүний эрх, эдийн засаг, засаглалын хувьд хангалтгүй ажиллаад зогсохгүй дээрх үзүүлэлтэд харшлах үйлдэл удаа дараа гаргасан гэж үзжээ. Ялангуяа шахмал түлшнээс үүдэн угаартсан байж болзошгүй 700 гаруй иргэн болон саяхан угаартаж нас барсан нэг өрхийн зургаан иргэний амь нас хурцаар яригдаж байна. Засгийн газрыг огцруулах саналыг олон нийт янз бүрийн өнцгөөс хүлээн авав. 

Зарим нь Ч.Лодойсамбууг УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээндээ үйл ажиллагаа явуулж байна гэж үзэж байна. Харин зарим УИХ-ын гишүүн болон намын нөхөд нь хувийн шалтгааны улмаас ийм зүйл хийлээ гэж буй юм. Мөн Ардчилсан намын хэмжээнд уг саналыг гаргасан Ч.Лодойсамбуу болон саналыг дэмжсэн Ж.Баярмаа нарын гишүүнд хариуцлага тооцохоо мэдэгдсэн. Тэгвэл Ч.Лодойсамбуугийн гаргасан Засгийн газрыг огцруулах саналыг Ж.Баярмаа гишүүн дэмжсэн хэвээр байгаа бол дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн 5 гишүүн байна. Тэдний саналаас татгалзах үндэслэлийг танилцуулъя. 

Татгалзсан гишүүд

1. Энхбатын Болормаа

Ч.Лодойсамбуу Ерөнхий сайдыг огцруулъя гэсэн нь гаднын захиалгатай юм шиг 

Саналаас татгалзаж байна. Өөрөө нэрээ зарлаад шалтгаанаа хэлчихье ээ. Гаднын захиалгатай юм шиг сонин үг хэлээр Ерөнхий сайдыг огцруулъя гэж өдөр холбогдлоо. Эцсийн зорилго чинь юу юм бэ гэж асуухад хариулт байгаагүй. Нийгэмд тулгамдаад байгаа асуудлууд ярихаас илүүтэй хувийн гомдол яриад байх шиг байх юм. Хэро Баатар та хоёрын хоорондох асуудал улс оронд огт хамаагүй. Бид нэг парламентад хамтарч ажиллаад явна. Санал зөрөх ч үе байна, нийлэх ч үе байна. Утааны шийдэл биш хувийн улс төр хийж байгаа учир энэ удаа санал зөрлөө. Харин УИХ дээрх утааны сонсголоор яригдсан зүйлс дээр хариуцлага тооцохыг хамт шаардацгаая Ч.Лодойсамбуу гишүүн ээ! Сая Ж.Чинбүрэн гишүүний ахалсан сонсголоор ил болсон “шахмал түлшний стандартын зөрчил”, утааны мэдрэгчгүй байгаа 50,000 айл гэх мэт зүйл дээрээ анхаарцгаая. Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүн та газар дээрх нөхцөлтэй сайтар танилцаж ядаж яндан пийшингээ хараад асуудлаа зөв оношлоорой. Тэгж байж л шийдлээ зөв гаргана шүү дээ ангийн анд аа. Дахин ийм эмгэнэлт зүйл хэзээ ч бүү болоосой. Улс төржилт хэзээ ч шийдэл биш шүү.

2. Бат-Өлзийн Бат-Эрдэнэ

Бид алдсаар ирсэн тэр гашуун амтыг дахин амсах ёсгүй

Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж байсан нөхөд эх орноосоо оргон зайлж, зугтаж байхад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шиг нам харгалзахгүй авлигатай тэмцэж, эх орондоо авлигаас учирсан 2,200,000,000,000 төгрөгийг, түүн дундаа гадаад руу гаргасан 12,200,000 ам.долларыг эх орондоо буцаан авч ирсэн Ерөнхий сайд байгаагүй юм шүү. Түүний хийж байгаа тэмцэл, шинэ сэргэлтийн бодлогыг дэмжинэ. Засгийн газар үйл ажиллагаа хэвээр үргэлжлэх ёстой. Ажлаа хийж чадахгүй, хариуцлагагүй сайд нар байгаа юу гэвэл, байгаа гэж хэлнэ. Танхимынхаа эсрэг санал өгч байгаа, бодлогоо ойлгоогүй, хариуцлагаас зугтаж яваа нөхөд ч бий.

Угаарын асуудал дээр холбогдох албан тушаалтнууд бий. Тэдгээр хүмүүст хариуцлага тооцох ёстой гэдэгтэй санал нийлнэ. Хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн агаарын бохирдлын ерөнхий хяналтын сонсгол дээр тодорхой хэлсэн. Хяналтын түр хороо байгуулагдаж нийтээрээ бид шалгах, хянах, хариуцлага тооцох ажлыг хийх ёстой. Хариуцлагаа хүлээх ёстой хүмүүс хүлээх ёстой.

Бид хоорондын хуваагдал талцлаас болж өнгөрсөн 34 жилийг алдсан. Өнөөгийн эрчим хүч, цалин тэтгэвэр, боловсрол эрүүл мэндийн хүртээмжийн дутагдал бүгд хуваагдал, хийрхэл, өш хонзонгоос шалтгаалалтай. Хохирогч нь үүнийг эхлүүлсэн улстөрчид биш дандаа ард түмэн байдаг.

14 мега төслийг Хамтарсан Засгийн газар байгуулж явуулж эхэлсэн. Алт, Зэс, Гангийн цогцолбор үйлдвэрүүд ядаж л ажлын байр бий болгоно, эдийн засгийн өсөлтийг бий болгоно. Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станц, Тавантолгойн дулаан, цахилгааны станц босож байж бид эрчим хүчний дутагдлаас сална. Гадагшаа урсаж байгаа энэ их вальютыг хэмнэнэ. Хилийн боомтуудын хил дамнасан төмөр замын холболт нь гадаад худалдааны эргэлт, экспортыг нэмэгдүүлнэ.

Бидэнд өнөөдөр эдийн засгаа тэлж илүү боломжийг эх орондоо бий болгох цаг үе тохиож байгаа. Энэ боломжоо бид хийрхэл, улстөрчид, олигархуудын гарын үзүүрт алдаж болохгүй. Бид алдсаар ирсэн тэр гашуун амтыг дахин амсах ёсгүй. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээ 10000 ам.доллар давуулахын тулд, өнөөгийн энэ ядруу амьдралаас нийтээрээ салахын тулд, эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэхийн тулд бид хичээх ёстой. Би Засгийн газар огцруулахыг дэмжихгүй. 

3. Болдын Уянга

Төр түшиж, хариуцлагатай ажил хийж яваа хүн гэхэд арай л хөнгөн байна даа

Татгалзаж байгаагаа өөрөө урьдчилаад хэлье. Манай улсад аливаа том төсөл хөдлөхөд гадны хөрөнгө оруулалт нэн чухал. Хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн их хардаг зүйл нь “Улс төрийн тогтвортой байдал”. Монгол Улсын Засгийн Газрыг богино хугацаанд олон том ажлууд амжуулсан гэж би хардаг. Сүүлийн хоёр гурван сард л гэхэд:

  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ болох Монгол Хятадын Засгийн Газар хооронд тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулснаар төслийг хэрэгжүүлэх үүд нээгдсэн. Барилгын ажил нь өнөө маргаашгүй эхлэхээр хүлээгдэж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл хэрэгжиж эхэлснээр баруун бүс нутгийг эрчим хүчээр бүрэн хангахаас гадна төвийн эрчим хүчний системийг дэмжин ажиллах бололцоо бүрдэх юм.
  • Францын Орона групптэй Зөөвч-Овоо, Дулаан-Уул ордыг ашиглах маш том гэрээг амжилттай хийж чадсан. Ач холбогдлыг нь Монголчууд бид бүгд сайн ойлгож байгаа. Оюу толгойгоос хойш хийгдээгүй, барууны гуравдагч хөрштэй хийсэн гээд улс төрийн ач холбогдол ч их.
  • Чингис хаан үндэсний хуримтлалын сан ажиллаж эхэллээ. Уул уурхайн том төслүүд улс орны эдийн засагт олон хэлбэрээр үр өгөөжөө өгдөг. Баялгийн сан бол шууд хувь хүнд өгөөж нь хүрдгээр онцлог байдаг.
  • Гашуун сухайт-Ганц модны боомтын төмөр замын хил холболтын гэрээг энэ оны хоёрдугаар сарын 14-нд эцэслэх гэж байна. Энэ олон жил яригдаж гацаж өнөөдөр л нэг шийдлээ олж байна. Сайн муугаар хэлэгдэж байгаа ч энэ бол манай улс оронд маш чухал гэрээ. Өнөөдөр бид экпортын орлогын 94 хувийг уул уурхайн бүтээгдэхүүнээр олж байна.

Бүтэн жил ч болоогүй байгаа Засгийн газар өнгөрсөн хугацаанд ямар олон ажлыг хийж чадав. Цаашид энэ эрчээр нь хүлээлт үүсгэж буй том төслүүдээ, хүлээгдэж буй шийдлүүд дээрээ ажиллуулмаар байна. Өнгөрсөн хугацаанд бид хангалттай улс төржсөн шүү дээ. Одоо жаахан ажил хийцгээе ээ. Ч.Лодойсамбуу гишүүн таны мэдэгдлийг сонссон. Төр түшиж, хариуцлагатай ажил хийж яваа хүн гэхэд арай л хөнгөн байна даа. Хувийн эрх ашгаа улс орны асуудлаас тусдаа байлгавал яасан юм. 

4. Отгоншарын Батнайрамдал 

Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын гэрээг зурах болохоор Засаг огцруулна гэлээ

Ч.Лодойсамбуу над руу залгах хэрэггүй. Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газар болон түүний зоригтой хийж буй тэмцэл, бодлогыг тууштай дэмжинэ.

  • Олон арван жил үлгэр шиг ярьдаг байсан хулгай, луйврыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар олон нийтэд дэлгэж, цэгцэлсэн.
  • Оюу толгойн луйврын гэрээ болох Дубайн гэрээг цуцалж, 2.3 тэрбум ам.долларын зээлийг бүрэн тэглэж чадсан.
  • Эрдэнэтийн луйвраар авсан 49 хувийг төрийн эзэмшилд буцаан авчирсан. Өнөөдөр энэ үйлдвэр жил бүр 2 их наяд төгрөгийн ашиг, татвар төрд төвлөрүүлж байна.
  • Нүүрсний хулгайг хамтдаа жагсаж байж илчилсэн. Үүний үр дүнд Эрдэнэс Тавантолгойг тойрсон хэдэн их наядын далд эдийн засаг ил болж, бидний төсөөлж ч байгаагүй 82 сая тонн нүүрс экспортолж, 8-9 тэрбум ам.доллар оруулж ирээд байна.
  • 1072 хувьцааны өгөөж бодитоор амилж, бидний дансанд орж эхэлсэн. Үүнийг бас л тэр хийсэн.
  • Олон жил гацсан төслүүдээс үлдсэн ганц том бүтээн байгуулалт бол Гашуунсухайтын төмөр зам. 15 жил гацаасан энэхүү төслийг түүний хамтарсан Засгийн газар эцэслэж байна. Энэхүү төмөр замыг олигархийн охин компаниар бус, хоёр орны Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд албан ёсоор байгуулах ажил дараагийн долоо хоногт Ерөнхий сайдын түвшинд эцэслэн үзэглэгдэх гэж байна. Яг эцэслэгдэн зурагдах болохоор засаг унагаах талаар ярьдаг, шоуддаг. Нөгөө л 30 жил угшиж ялзартал ашигласан улс төрийн техник. Одоо бол үгүй шүү.
  • Үндсэн хуулиар тунхагласан байгалийн баялгийн өгөөжөө олигархи хэд биш, олуулаа эзэн болж хүртэх Үндэсний баялгийн санг мөн Л.Оюун-Эрдэнэ эхлүүлсэн.
  • "Чингис хаан" Үндэсний баялгийн санг байгуулж, хүн бүрийн нэр дээр хуримтлал үүсэж эхэлсэн.

Өнөөдөр бид улс төржиж хуваагдах биш, эх орон, иргэдийнхээ ирээдүйн төлөө нэгдэж, хамтдаа урагшлах ёстой! Шийдэх асуудал маш их байна. Тиймээс хамтарсан засгаар хамтран ажиллаж буй Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдыг тууштай дэмжинэ. 

5. Мөнхтөрийн Нарантуяа-Нара

Ингэж дуугар, тэгж зур гэхэд нь давхиж байдаг амьтан би биш

Тэрээр хоёрдугаар сарын 8-ны өдөр "Би ямар ганцаархнаа гишүүн биш. Ингэж дуугар, тэгж зур гэхэд нь давхиж байдаг амьтан ч биш. Хууль бус хөрөнгө хураах тухай асуудал яагаад ардчиллыг хумьсан үйлдэл гэж. Өнгөрсөн хэдэн жил хууль бусаар хураасан хөрөнгөөс 2.8 их наядыг улсын төсөвт бүрдүүлсэн шүү дээ" гэж пост бичиж Ч.Лодойсамбууг эсэргүүцсэн ч энэхүү постоо устгасан байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe