Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл гэр бүлийн 6 гишүүнээ алдсан О.Одбаярын талаарх худал мэдээлэл хаанаас алдагдсан талаарх мэдээллийг өглөө.
Тодруулбал, О.Одбаярын нас барсан ээжийг архичин байсан, О.Одбаярыг цэрэгт явахаасаа өмнө хулгайн хэрэг хийж байсан зэргийг уг мэдээлэлд бичсэн байсан юм. Тэгвэл ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл энэхүү мэдээллийг худал хэмээн баталж, энэхүү мэдээллийг тараасан хүнийг олно гэдгээ мэдэгдсэн. Үүний хүрээнд мэдээлэл задруулсан хүмүүсийг олсон байна.
Тэрээр "Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах шуурхай штаб ажиллаж байна. Энэ штабад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Эрчим хүчний яам болон нийслэлийн албан тушаалтнууд орж ажиллаж байна. Энэ байгууллагын мэргэжилтнүүдийн дундаа мэдээллээ солилцдог Viber групп чат байна. Энд цаашид юу анхаарах вэ, ямар хохирол учирсан бэ, утааны нөхцөл байдал ямар байна вэ зэрэг мэдээллийг солилцдог юм байна. Энэхүү групп чатанд тэрхүү мэдээлэл байсан нь тогтоогдсон. Тиймээс хэрэгт холбогдуулан иргэн Б болон бусад 4 хүнийг шалгаж байна. Зорилго нь тодорхойгүй байна. Мэдээлэл тэрхүү групп чатнаас гарсан гэдэг нь тогтоогдсон. Одоогоор прокурорын хяналтад шалгагдаж буй хүн нь ямар нэг байдлаар төрийн албаны хүн биш. Монгол Улсад хүний гэм бурууг гагцхүү шүүх тогтооно. Урьдчилсан байдлаар ийм байна" гэлээ.
О.Алтангэрэл сайдын Агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэх шуурхай штаб нь Ерөнхий сайдын дэргэдэх штаб юм байна.
Сэтгэгдэл үлдээх