Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн /NFL/ 59 дэх удаагийн “Super Bowl” тэмцээнд “Филадельфиа Ийглз” баг “Канзас Сити Чифс” багийг 40-22 харьцаагаар буулган авч аваргын цомыг өргөлөө. Ингэснээр сүүлийн 2 жилийн аваргуудыг хожиж, тус тэмцээний түүхэнд хоёр дахь удаагаа Винс Ломбардийн цомын эзэн болов.
Энэ удаагийн тэмцээнийг Fox суваг, Tubi стриминг үйлчилгээгээр шууд дамжуулжээ. “Fox” суваг бүр өнгөрсөн намар гэхэд зар сурталчилгааны захиалгуудаа авч дууссан бөгөөд 60 секундын 10 гаруй сурталчилгааны нэг бүр нь 8 сая ам.доллароор үнэлэгдсэн тухай CNBC мэдээлсэн юм. Тоглолтын үеэр Nike, Dunkin, Cirkul зэрэг брэндүүд олны анхаарлыг ихэд татаж байлаа.
“Super Bowl” тэмцээн нь асар олон үзэгчийг татдаг. Тухайлбал, CBS суваг, Paramount+ үйлчилгээгээр цацагдсан өнгөрсөн жилийн тоглолтыг 123 сая гаруй үзэгч үзсэнээр дээд амжилт тогтоож байсан. Мөн Fox Sport сувгаас гаргасан судалгаагаар сүүлийн хагаст 135 сая үзэгч дэлхийн даяар үзсэн гэсэн үзүүлэлт гарчээ.
Тус тэмцээний их завсарлагын үеэр болдог “Halftime” шоу нь хөгжмийн ертөнцийн хамгийн том тайзнуудын нэгд зүй ёсоор тооцогддог. Энэ удаагийн тэмцээний үеэр Америкийн рэппер, 22 удаагийн Грэммийн шагналт Кендрик Ламар өнгөрөгч онд дэлхийн дахиныг байлдан дагуулсан "Humble", "DNA", "Not Like Us" зэрэг өөрийн хит бүтээлүүдээ үзэгчдийн хүртээл болгожээ.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Super Bowl”-ыг үзсэнээр төрийн тэргүүний албыг хашиж байх үедээ уг тэмцээнийг үзэж сонирхсон анхны ерөнхийлөгч боллоо. Тэрбээр өөрийн охин Иванка Трамп болон бусад олны танил хүмүүсийн хамтаар тоглолтыг үзсэн байна. Түүнчлэн жүжигчин Кевин Костнер, Бэн Аффлек, Брадлей Күүпер, рэппер Жей-Зи, теннисчин Серена Уильяамс, хөлбөмбөгчин Лионель Месси, дуучин Тейлор Свифт зэрэг олны танил хүмүүс үзэгчдийн суудалд сууж байлаа.
Сэтгэгдэл үлдээх