Дулаан алдагдлыг шийдэж чадвал түлш, цахилгааны зардал 40-65 хувь буурч, агаарын бохирдол багасна

Ж.Номин
2025-02-12

Чингэлтэй дүүргээс хэрэгжүүлж байгаа “Дулаалъя” аяны хүрээнд гэр хорооллын бүсийн айл өрхүүдийн байшингийн дулаан алдагдлыг инженер, мэргэжилтнүүдтэй хамтран тусгай төхөөрөмжөөр нарийн хэмжиж эхэлжээ.

Айл өрхүүдийн гэр, байшингийн дулаан алдагдлыг нарийн хэмжих, тухайн барилгад хаана нь ямар асуудал байна вэ гэдэг дата судалгааг цуглуулах ажил цагаан сараас өмнө дуусах аж. Ийнхүү өвлийн эд хүйтний үеийг ашиглан эдгээр дата мэдээллээ нэгтгэж ирэх дулааны улирлуудад дүүргийн зүгээс иргэдэд байшин, гэрээ хэрхэн зөв, үр дүнтэй, хямд зардлаар дулаалах тал дээр мэргэжлийн хүмүүстэй хамтарч зөвлөн туслах юм байна.

Гэр хорооллын бүсийн айл өрхүүд дулаан алдалтаа бүрэн шийдэж чадвал агаарын бохирдол болон түлш, цахилгааны зардлаа байшингийнхаа онцлогоос хамаараад 40-65 хувь бууруулна гэх тооцоог мэргэжилтнүүд гаргажээ.

Мөн “Дулаалъя” аяны эхний ажил хэрэгжсэнээр айлуудад дараагийн өвөлд бэлтгэлтэй орох, тэдэнд гэр, байшингаа дулаалах сэдлийг бий болгох, энэ чиглэлийн мэргэжлийн хүмүүсийн мэдлэг зөвлөгөөг айл өрх бүрд хүргэх боломжийг бүрдүүлж өгөх аж.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe