(2026 оны 10 дугаар сарын 2-ны байдлаар)
Нэг. Нөхцөл байдал
Ойрх Дорнодын нөхцөл байдал, Ормузын хоолой, Улаан тэнгис зэрэг газрын тос тээвэрлэлтийн стратегийн гол маршрутуудын саатал, ОХУ-ын түлш, шатахууны үйлдвэрлэлийн доголдол зэрэг манай улсын шатахууны нийлүүлэлт хомсдох, нөөц буурах, үнэ өсөхөд нөлөөлж буй гол хүчин зүйлс хэвээр байна.
Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож, АНУ-тай дипломат хэлэлцээ хийх замаар хурцадмал байдлыг намжааж, улмаар Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээвэр, газрын тосны нийлүүлэлт хэвийн болох боломж бүрдэнэ гэсэн хүлээлт байсан. Гэвч одоогоор энэ хүлээлт биелсэнгүй. АНУ, Ираны хоорондын яриа хэлэлцээ зуучлагч орнуудаар дамжин үргэлжилж байгаа боловч бодит ахиц хязгаарлагдмал хэвээр байна.
Үүний зэрэгцээ Ойрх Дорнодын цэргийн нөхцөл байдал улам түгшүүртэй болж байна. Ройтерс агентлагийн 10 дугаар сарын 1-ний мэдээлснээр АНУ Ойрх Дорнод руу гурав дахь нисэх онгоц тээгч хөлөг болон 10,000 хүртэл нэмэлт цэрэг илгээхээр төлөвлөж байгаа аж. Энэ нь бүс нутгийн мөргөлдөөн дахин хурцдаж, улмаар газрын тос, шатахууны нийлүүлэлтэд үзүүлэх дарамтыг нэмэгдүүлэх төлөвтэй байна.
Хятад Улс дотоодын зах зээлийн нийлүүлэлтээ хамгаалах зорилгоор 10 дугаар сард газрын тосны бүтээгдэхүүний экспортыг Хонконг, Макаогоос бусад чиглэлд түр зогсоосон тухай мэдээ хэвлэлд гарсан байна. Хятадын экспортод дизель түлш, онгоцны түлш болон бензин багтдаг тул энэхүү шийдвэр нь аль хэдийн хомсдолтой байгаа дэлхийн боловсруулсан түлшний зах зээлд нэмэлт дарамт болохоор байна.
АНУ-д ч дизель түлшний үнэ дээд түвшинд хүрээд байна. АНУ-ын Засаг захиргаа дотоодын үнийг бууруулахын тулд дизелийн экспортыг хязгаарлах боломжийг авч үзэж байгаа талаар хэвлэлээр гарч байгаа ч одоогоор хэрэгжүүлээгүй байна. Харин АНУ Франц, Германыг стратегийн дизелийн нөөцөөсөө тодорхой хэмжээгээр зах зээлд гаргахыг шахаж байгаа аж. Трампын Засаг захиргаа Франц, Германд онцгой нөхцөлд хадгалдаг дизелийн нөөцөө бууруулахыг шаардсан бөгөөд үүнийг хийхгүй бол АНУ дизелийн экспортод хязгаарлалт тавьж болзошгүй гэсэн байр суурь илэрхийлсэн гэсэн байна. Франц, Герман хоёр нийлээд Европын холбооны стратегийн дизелийн нөөцийн гуравны нэгээс илүү хувийг эзэмшдэг аж.
Газрын тосны гол нийлүүлэгчдийн нэг Саудын Арабын хувьд нөхцөл байдал амаргүй хэвээр байна. Өнгөрсөн сард тус улсын East-West нефтийн хоолой халдлагын улмаас ажиллагаагаа түр зогсоож, улмаар Янбу боомтоор дамжих экспортод ноцтой эрсдэл үүссэн. Гэсэн хэдий ч 10 дугаар сарын 1 гэхэд тус хоолойн ажиллагаа болон Янбу дахь нефтийн ачилтыг дахин сэргээсэн тухай мэдээ гарсан. Ийнхүү Саудын Арабын нийлүүлэлт сэргэсэн ч бүс нутгийн дэд бүтэц, экспортын тогтвортой байдалд эрсдэл өндөр хэвээр байна.
Ойрх Дорнодын нийлүүлэлтийн доголдол, Хятадын экспортын хязгаарлалт дээр ОХУ дизелийн экспортын хоригоо сунгасан нь нөхцөл байдлыг хүндрүүлж байна.
ОХУ-ын Засгийн газар дотоодын зах зээлийн нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор дизель түлш, агаарын хөлгийн түлшний экспортод үйлдвэрлэгчдэд тавьсан хоригийг 2026 оны 10 дугаар сарын 31 хүртэл сунгав. Автобензиний экспортын түр хориг 2027 оны 1 дүгээр сарын 31 хүртэл хүчин төгөлдөр хэвээр байна. Олон улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд тодорхой хэмжээний бензин экспортлох боломжийг үлдээсэн.
Өнгөрсөн 9 дүгээр сарын 20-ны өдөр Москвагийн Түлш боловсруулах үйлдвэрт болсон дроны халдлагын дараа тус үйлдвэр газрын тос боловсруулах үйл ажиллагаагаа зогсоосон бөгөөд салбарын эх сурвалжуудын мэдээлснээр үндсэн боловсруулалтын хоёр байгууламж гэмтсэн. Үйлдвэрийн хэвийн ажиллагааг сэргээхэд хэдэн долоо хоног шаардлагатай байж болзошгүй бөгөөд 9 дүгээр сарын 21-нээс тус үйлдвэрийн түлш Санкт-Петербургийн арилжаанд ороогүй байна.
ОХУ-ын шатахууны зах зээлд нийлүүлэлтийн хүндрэл бүс нутгаар харилцан адилгүй хэвээр байна. Ялангуяа Нижегород, Тула болон зарим бусад мужид ШТС-уудын шатахууны нөөц тасалдаж, зарим станцад дараалал болон борлуулалтын хязгаарлалт үргэлжилж байна. 9 дүгээр сарын сүүлээр Нижегород мужийн олон ШТС-д бензин тасарсан талаар орон нутгийн мэдээлэл гарсан бөгөөд нийлүүлэлт буурсныг газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн төлөвлөгдөөгүй засвартай холбон тайлбарлажээ.
ОХУ-ын шатахууны зах зээл 9 дүгээр сарын сүүлчээр хямралын хурц үеэс хэсэгчлэн тогтворжсон боловч нийлүүлэлтийн эрсдэл бүрэн арилаагүй байна. Экспортын хязгаарлалтыг сунгасан, үйлдвэрүүдийн зарим нь засвартай болон доголдолтой хэвээр байгаа бөгөөд Москва зэрэг томоохон хэрэглээний бүсийн нийлүүлэлтэд эрсдэл нэмэгдсэн байна. Үүний зэрэгцээ жижиглэнгийн үнэ оны эхнээс мэдэгдэхүйц өссөн хэвээр байна.
Хоёр. Үнийн мэдээлэл
Шатахууны үнийн хувьд улс орнууд дотоодын зах зээлээ хамгаалах, үнийн огцом өсөлтийг хязгаарлах чиглэлээр өөр өөр арга хэмжээ авч байна.
БНХАУ
БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо олон улсын газрын тосны үнийн өөрчлөлттэй уялдуулан дотоодын шатахууны жижиглэнгийн үнийн дээд хязгаарыг 10 ажлын өдөр тутамд шинэчлэн тогтоодог.
Сүүлийн шинэчлэлээр 2026 оны 9 дүгээр сарын 24-ний 24:00 цагаас Бээжин хотод бензин, дизель түлшний дээд жижиглэнгийн үнийг нэмэгдүүлсэн байна. Тухайлбал, АИ-92 бензиний үнэ 8.29-өөс 8.61 юань/литр, АИ-95 бензин 8.83-аас 9.17 юань/литр, 0 дугаар дизель түлш 8.02-оос 8.36 юань/литр болж, тонн тутмын дээд жижиглэнгийн үнэ бензинд 395 юань, дизель түлшинд 385 юаниар тус тус нэмэгджээ.
ОХУ
ОХУ-ын дотоодын шатахууны зах зээлд үнэ өндөр түвшинд хэвээр байна. 9 дүгээр сарын 28-ны байдлаар ОХУ-ын хэмжээнд бензиний дундаж үнэ 78.50 рубль/литр, үүнээс АИ-92 74.51 рубль, АИ-95 80.80 рубль, АИ-98 ба түүнээс дээш 103.63 рубль, дизель түлш 86.77 рубль/литр байна. Оны эхэнтэй харьцуулахад бензиний дундаж үнэ 21.1%-иар, АИ-92 бензин 21.4%-иар, АИ-95 бензин 21.2%-иар, дизель түлш 14.0%-иар тус тус өссөн байна.
Гурав. Улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
Шатахууны хомсдол, нийлүүлэлтийн хүндрэл нь манай улсаас гадна ОХУ, Зүүн өмнө Азийн зарим оронд бодитоор илэрч, шатахууны хэрэглээг бууруулах, шаардлагагүй хэрэглээг хязгаарлах, нийтийн тээврийг дэмжих, стратегийн нөөцийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авч байна. Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭХА)-ийн 2026 оны 3 дугаар сарын 20-нд гаргасан тайланд газрын тосны нийлүүлэлтийн шокын үед өрх, аж ахуйн нэгж, төрийн байгууллага болон бусад хэрэглэгчийн эрэлтийг богино хугацаанд бууруулах 10 арга хэмжээг санал болгосон.
Эдгээрээс улс орнуудын авч хэрэгжүүлж буй болон Монгол Улсын нөхцөлд хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээг тоймлон танилцуулбал:
Төрийн байгууллагын шатахууны хэрэглээг бууруулах:
Шаардлагагүй гадаад томилолт, бизнес аяллыг багасгах:
Гэрээс ажиллах:
Нийтийн тээврийн хэрэглээг нэмэгдүүлэх:
Автомашины хөдөлгөөнийг ээлжлүүлэх
Шатахууны хэмнэлттэй жолоодлогыг дэмжих
Шатахуун түгээлтийг оновчтой болгох
Стратегийн нөөц бий болгох, нэмэгдүүлэх
Дөрөв. Дүгнэлт, санал
Ойрх Дорнодын нөхцөл байдал, Ормузын хоолой, Улаан тэнгис зэрэг газрын тос тээвэрлэлтийн стратегийн гол маршрутуудын саатал, ОХУ-ын түлш, шатахууны үйлдвэрлэлийн доголдол зэрэг манай улсын шатахууны нийлүүлэлт хомсдох, нөөц буурах, үнэ өсөхөд нөлөөлж буй гол хүчин зүйлс хэвээр байна.
ОХУ-ын шатахууны зах зээл 9 дүгээр сарын сүүлчээр хямралын хурц үеэс хэсэгчлэн тогтворжсон боловч нийлүүлэлтийн эрсдэл бүрэн арилаагүй байна. Экспортын хязгаарлалтыг сунгасан, үйлдвэрүүдийн зарим нь засвартай болон доголдолтой хэвээр байгаа бөгөөд Москва зэрэг томоохон хэрэглээний бүсийн нийлүүлэлтэд эрсдэл нэмэгдсэн байна. Үүний зэрэгцээ жижиглэнгийн үнэ оны эхнээс мэдэгдэхүйц өссөн хэвээр байна.
Тиймээс манай улс шатахууны хэрэглээнд хэмнэлтийн горимд шилжиж, дээр дурдсан олон улсын туршлагаас өөрсдийн нөхцөлд тохирох арга хэмжээг сонгон, төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог ханган нэгдсэн уялдаатай хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ялангуяа, бүх хэрэглэгчийн хэрэглээг ижил хэмжээгээр хязгаарлах бус, шаардлагагүй болон хойшлуулж болох хэрэглээг тэргүүн ээлжид бууруулж, стратегийн нөөцийг бий болгох нь зүйтэй гэж үзэж байна.
Түүний зэрэгцээ шатахууны импортын эх үүсвэрийг төрөлжүүлэх хүрээнд Казахстан, Энэтхэг болон бусад боломжит улсаас шатахуун импортлох техникийн, логистикийн болон эдийн засгийн боломжийг яаралтай судалж, шаардлагатай тохиолдолд нийлүүлэлтийн хувилбаруудыг бэлтгэх шаардлагатай байна.
Мөн үүсээд буй нөхцөл байдлын талаар иргэд, аж ахуйн нэгжүүдэд үнэн зөв, шуурхай, ойлгомжтой мэдээлэл хүргэж, шатахууны хэмнэлт, зохистой хэрэглээнд нийтээр оролцохыг уриалах нь чухал гэж үзэж байна.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
БОДЛОГЫН ГАЗАР
ДИПЛОМАТ СУРГАЛТ, СУДАЛГАА, ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
Сэтгэгдэл үлдээх