Сурч боловсрох эрх бол хүний үндсэн эрхүүдийн нэг бөгөөд аливаа улс орны хөгжлийн гол тулгуур болдог. Монгол Улс Үндсэн хуулиндаа иргэдээ боловсрол эзэмших эрхтэй гэж заасан хэдий ч бодит байдал дээр энэхүү эрхийг хэрэгжүүлэхэд олон саад бэрхшээл тулгарсаар байна.
Боловсролын чанар, хүртээмжийг тодорхойлох гол хүчин зүйлсийн нэг нь сургуулийн орчин, анги танхимын хүрэлцээ.
Монгол Улсад сургалтын байгууллагуудын орчин нөхцөл, анги танхимын хүрэлцээний асуудал олон жилийн турш яригдсаар байгаа ч өнөөдрийг хүртэл энэ нь томоохон бэрхшээл болсоор байна.
Стандарт байгаа газар чанар ноёлдог зарчим дэлхий дахиныг хөгжлийн тавцанд урьж буй. Гэтэл Монгол Улсад, ялангуяа боловсролын салбар стандарт гэх үгнээс төө зөрөөд түүндээ дасжээ. Учир нь “Ерөнхий боловсролын сургуулийн барилгын төлөвлөлт”-ийн барилгын норм, дүрмийг 2022 онд баталсан байх ба үүнд “нэг анги бүлэгт 30-аас бага сурагчтай байхаар тооцно" хэмээн тодорхой тусгасан байдаг. Гэтэл бодит байдал дээр нийт сурагчдын 29.5 хувь буюу 214 мянга нь 40-өөс дээш сурагчтай бүлэгт сурч байна.
Энэ нь багшийн анхаарал нэг бүрчлэн хуваарилагдах боломжийг хязгаарлаж, сурагчдын хичээлд идэвхтэй оролцох чадварыг бууруулж, хичээлээс олж авах мэдлэгийн түвшинг доошлуулдаг.
Хэт олон сурагчтай ангиудад багш нар сургалтын арга барилыг бүрэн хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байдаг тул боловсролын чанарт сөргөөр нөлөөлж буй юм.
Дээр дурдсан норм, дүрэмд сургуулийн багтаамжийн талаар “тусдаа бие даасан барилга бүхий сургуулийг 1400-аас бага сурагчтай байхаар төлөвлөнө" хэмээсэн. Гэтэл нийт сурагчдын тал нь(50.8 хувь) буюу 368,704 сурагч 1800-аас олуулаа нэг сургуульд сурч байна.
Үүний улмаас сургуулиуд ээлжийн системд шилжиж, сурагчид өглөө, орой хичээллэх хуваарьтай. Сурагчид ариун цэврийн өрөө ашиглах анхдагч хэрэгцээгээ хангахаас эхлээд, амрах, давтлага хийх, нэмэлт сургалтад хамрагдах боломжийг хязгаарлах нөхцөл ийнхүү үүсээд байна. Цаашлаад сурагчдын эрүүл мэнд, сэтгэлзүйд ч сөрөг нөлөөтэй.
Энэ нь 37 сургуулийг 150 суудлаар өргөтгөх, 320-960 суудалтай 120 шинэ сургууль барих шаардлага үүссэнийг илтгэж байгаа аж.
Сургуулийн орчны хүрэлцээгүй байдлын нэг илрэл нь номын сан, лаборатори, спортын заал зэрэг сурагчдын ур чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх орчны хомсдол юм. Судалгаагаар, туршилтад суурилсан сургалтын арга барил сурагчдын мэдлэгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлдэг ч лаборатори, судалгааны өрөө хангалтгүйгээс энэ боломж хязгаарлагддаг. Үүнээс гадна, номын сангийн хангалтгүй байдал нь сурагчдын бие даан судлах, унших дадлыг хөгжүүлэхэд саад учруулж буй.
Шинэ сургуулиуд барих, анги танхимын өргөтгөл хийхэд төрийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь ирээдүйн хойчийнхоо төлөө хийх нэн тэргүүний шийдэл. Хөдөө орон нутгийн сургуулиудад дэд бүтцийн шинэчлэл хийх, цахилгаан, дулааны хангамжийг сайжруулах шаардлага ч мөн бий. Энэ оны төсөв батлах үеэр хүүхдүүдийн соёлын хэрэгцээнд зориулан 18.3 тэрбум төгрөгөөр кино, жүжиг үзүүлнэ хэмээн ихээхэн шуугиан тарьсан. Хэдийгээр энэ төсөв батлагдаагүй ч бид төрийн бодлогоороо зайлшгүй шаардлагатай, нэн тэргүүний асуудлаа тодорхойлж, нэг чигт харж чадаагүй байгаагын нэг жишээ юм.
Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн төрийн бодлогыг боловсронгуй болгож, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Тэгвэл эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд 1 их наяд төгрөг шаардлагатай хэмээн мэдэгдээд буйг сануулж, санаж, шаардаж явах нь зүйн биз.
Сэтгэгдэл үлдээх