У.Хүрэлсүхийн оронд Д.Сарангэрэл гишүүн болж байсан түүх бий шүү, жагсаалтын гишүүд ээ

Н.Саруулдөл
2025-02-12

2012 оны УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулж, 2012-2016 оны парламентад 48 гишүүн тойргоос, 28 гишүүн намын жагсаалтаас гишүүн болж байв. Тухайн үед нийт 28 гишүүн жагсаалтаар сонгогдсон ба

  • 10 нь АН-аас,
  • 9 нь МАН-аас,
  • 7 нь МАХН-аас
  • 2 нь Иргэний зориг ногоон намаас байсан юм.

Тэгвэл энэхүү парламент байгуулагдаад дөрөвхөн сар өнгөрч байхад жагсаалтын гишүүн суудлаа өгч, түүний орны хүн гишүүн гишүүн болж байсан түүх бий.

Тодруулбал, тухайн үед МАН-ын жагсаалтын 2-р бичигдэн гишүүн болж байсан У.Хүрэлсүх 2012 оны 11-р сарын 2-ны өдөр УИХ-ын даргад бүрэн эрхээсээ татгалзаж, суудлаасаа буух хүсэлтийг өгч байв. Үүний шалтгааныг У.Хүрэлсүхийн эхнэр хүндээр өвдсөний улмаас БНСУ-д урт хугацаанд эмчилгээ хийх шаардлагатай болсонтой холбоотой хэмээн тайлбарлаж байсан. Гэвч тухайн үед улс төрийн хүрээнд У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Ц.Баярсайханд шанаа өгсөнтэй ч холбоотой хэмээн яригдаж байсан билээ. 

Ийнхүү УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч, тэр тухай тогтоолыг Сонгуулийн ерөнхий хороонд 11-р сарын 15-ны өдөр хүргүүлсэн. Тогтоолыг Сонгуулийн ерөнхий хороо 11-р сарын 16-ны өдөр хуралдаж хэлэлцээд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 52.2-т заасны дагуу МАН-ын жагсаалтаар нэр дэвшсэн Д.Сарангэрэлийг УИХ-ын гишүүнээр нөхөн сонгогдсонд тооцсон тогтоолыг гаргаж байжээ. Ийнхүү жагсаалтаар "хамраа таслуулсан" Д.Сарангэрэл анх удаагаа гишүүн болж улс төрийн карьер нь эхэлж байсан түүхтэй. 

У.Хүрэлсүхийн хувьд өөрийн хүсэлтээр суудлаасаа буусан ч УИХ дээр жагсаалтын гишүүнийг чөлөөлөх асуудал орж ирсэн тохиолдолд У.Хүрэлсүх, Д.Сарангэрэл хоёрын адилаар шийдвэрлэж болдог гэдгийг энэ удаагийн парламентад жагсаалтаар орж ирсэн гишүүдэд дуулгая.

Сүүлийн үед УИХ-д АН-ын жагсаалтын 16-д бичигдэн орж ирсэн Ц.Мөнхтуяа гишүүн сошиалд ёс зүйгүй авирлаж, ард иргэдээ намайг оролдвол шороонд булагдана, эсвэл шоронд орно гэх мэтчилэн сүрдүүлж байна. Үүгээр зогсохгүй нэгэн багшийг "сохор новш" хэмээн харааж буй бичлэг нь ч олон нийтэд түгжээ. Нэгэнт гишүүн болчихсон юм чинь яаж ч болно гэж хандахаас илүүтэй жагсаалтын нэр хүндийг унагахгүй байхад жагсаалтын гишүүд анхаарах хэрэгтэй байна. Холимог тогтолцоогоор сонгуулийг зохион байгуулсны хүчинд 5 намын төлөөлөл УИХ-д орж ирсэн, ард түмэн "өөрсдийн сонгоогүй" УИХ-ын гишүүдээс дорвитойхон зүйл хүлээж байгаа гэдгийг санах нь зүйтэй. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe