Ш.Алтантуяа агсны гэр бүлд Малайзын Засгийн газар 1.1 сая доллар төлнө

.Graph
2025-02-12

Захиалгат аллагын хохирогч болсон Монгол Улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяагийн гэр бүлд учирсан хохирлыг Малайзын Засгийн газар хэрэв давж заалдах хүсэлт нь амжилтгүй болбол нэн яаралтай төлж барагдуулах ёстой гэсэн дүгнэлтийг тус улсын шүүхээс гаргажээ.

Тодруулбал, Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 12-нд Малайзын Холбооны шүүхийн шүүгч Сумати Муругиа 4.7 сая ринггит буюу 1.1 сая ам.долларыг 30 хоногийн дотор Ш.Алтантуяа агсны гэр бүлийн өмгөөлөгчийн дансанд байршуулахыг Малайзын ЗГ-т үүрэг болгосон байна. Ингэхдээ ЗГ-ын гаргасан давж заалдах гомдлыг тавдугаар сарын 19-нд хэлэлцээд хэрэв хүлээн авахгүй бол тус шийдвэр хэрэгжих аж.

Түүнчлэн Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакийн зөвлөхөөр ажиллаж байсан Абдул Разак Багиндаг мөн адил 4.7 сая ринггит төлөх ёстой гэж үзжээ.

2006 онд Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэрэгт тус улсын Засгийн газар, Абдул Разак Багинда болон ахлах байцаагч Азила Хадри, бага түрүүч Сирул Азхар Умар нарын гурван хүнийг буруутай хэмээн үзэж, хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн шүүхийн дүгнэлт 2022 онд гарч байсан юм. Түүнээс хойш хэрэгт холбогдсон талууд хохирлыг төлж барагдуулаагүй гэсэн үндэслэлээр хохирогчийн гэр бүл дахин шүүхэд хандсан аж.

Ташрамд, Малайз 2002 онд Францын төрийн өмчит компаниас шумбагч онгоц худалдаж авсантай холбогдуулан Ш.Алтантуяа түүний орчуулагчаар ажиллаж байжээ. Одоогийн байдлаар, түүний үхэлд буруутгагдсан Сирул Австрали руу зугтсан бөгөөд Малайз улс түүнд ногдуулсан цаазаар авах ялыг хүчинтэй хэвээр байлгаж байна.

Харин Австралийн засгийн газар Сирулыг шилжүүлж өгөхөөс татгалзаж байгаа аж.

Харин Азила бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлсэн бол Нажиб эрх мэдлээ урвуулан ашигласан, мөнгө угаасан хэрэгт буруутгагдан мөн адил хоригдож байна. Тэрбээр өнгөрсөн онд ялын хэмжээгээ зургаан жил болгож бууруулсан бөгөөд үлдсэн хугацаагаа гэртээ өнгөрүүлэх хүсэлт гаргажээ.

Эх сурвалж: Bloomberg TV Mongolia

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe