Хүүхдийн хавдрын эсрэг эмийг 2027 он хүртэл үнэгүй олгоно

Ц.Чимэдцэеэ
2025-02-13

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) болон АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны "Сэйнт Жүүд" эмнэлэг хамтран бага болон дунд орлоготой улс орнуудад хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдэд нэн шаардлагатай эмийг үнэ төлбөргүй нийлүүлэх санаачилгыг хэрэгжүүлж байна.

Энэхүү санаачилгын хүрээнд Монгол Улс сонгогдсон бөгөөд 2027 он хүртэл хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд шаардлагатай 35 хүртэлх нэрийн эмийг үнэ төлбөргүй авна.

Төслийн хүрээнд эхний ээлжийн эмийг өнгөрсөн оны тавдугаар сард манай улс хүлээн авсан байна.

Эдгээр эмүүдийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-д төвлөрүүлэн, хорт хавдартай хүүхдүүдийн эмчилгээнд ашиглах бөгөөд эмийн худалдан авалт, түгээлтийн үйл ажиллагааг НҮБ-ын Хүүхдийн сангийн Хангамжийн хэлтэс зохион байгуулж байна.

Энэхүү санаачилга нь хорт хавдартай хүүхдүүдийн эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чухал ач холбогдолтой юм. Дэлхий даяар жил бүр 400,000 орчим хүүхэд хорт хавдраар өвчилдөг бөгөөд бага, дунд орлоготой орнуудад эмчилгээний хүртээмж хангалтгүй байдгаас эдгэрэх хувь бага байдаг.

Монгол Улсад жилд дунджаар 100-120 хүүхэд хорт хавдраар оношлогддог бөгөөд энэ санаачилгын хүрээнд эмийн хангамжийг сайжруулснаар эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх боломжтой юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe