Нийтийн аж ахуйн салбарынхан цалингаа 2 дахин нэмэгдүүлэхийг шаардлаа

Ц.Чимэдцэеэ
2025-02-13

Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах салбарын төлөөлөл төв талбайд эрх ашгаа хамгаалан жагслаа.

Тус салбарт шинээр орсон ажилтан 1.6 сая төгрөг орчим цалин авдаг аж.

Энэ нь үнийн өсөлт зэргээс шалтгаалан амьдралын наад захын хэрэглээнд хүрэлцэхгүй байгаа талаар жагсагчид дурдаж байв. Мөн ажиллах орчин хүнд зэргээс шалтгаалан мэргэжлийн инженер, техникийн ажилтны дутагдалд орсон. Харин цалингаа 2 дахин нэмэгдүүлснээр дээрх асуудлаа шийдэх боломжтой гэв.

Тухайлбал, 80 хүний орон тоотой нэгжид 60 хүн ажиллаж байна.

Улмаар ажлын ачаалал нэмэгдэж, эрүүл мэндийн асуудалтай тулгарсан, техник технологийн шинэчлэл шаардлагатай байгаа зэрэг асуудал байгаа аж.

Тус салбар 2000 гаруй ажилтантай. Нийслэлийн хэмжээнд орон сууцанд амьдардаг 80-аад хувьд нь үйл ажиллагаагаа хүргэдэг.

Удирдлагын зүгээс холбогдох үнэ тарифыг нэмж байж цалин нэмнэ гэсэн. Ус, дулааны үнийг нэмбэл иргэдийн үүрэх ачаал нэмэгдэнэ. Бид ч бас иргэн учир тийм шаардлага хүргүүлээгүй гэдгээ мөн жагсаалын үеэр илэрхийлж байлаа.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe