Нүүрсний биржийн арилжааг сэргээхэд хоёр санаачилга яригдаж эхэллээ

.Graph
2025-02-13

Сүүлийн хагас жилд 150 долларт хэлбэлзэж байсан нүүрсний үнэ 104 доллар руу хүрч огцом буурлаа. Энэ нь АНУ, БНХАУ-ын тарифын дайн, улирлын нөлөө гэж шинжээчид үзэж байна. Манай улсын тухайд хөрөнгийн биржийн арилжаанд оролцогч орж ирэхгүй байгаа нь давхар муу мэдээ болж байна. 2025 онд манай улс 83 сая тонн нүүрсийг 105 доллароор зарна гээд төсвөө төлөвлөчихсөн байгаа юм. Биржийн арилжаа суларсан явдлыг сэргээх экспортын биет хэмжээгээ бууруулахгүй байх боломжтой юу?

Нүүрсний үнэ, экспортын хэмжээ монгол хүн бүрд чухал мэдээ. Учир нь төсвийн 3 төгрөг тутмын нэгийг бид нүүрсний экспортоос бүрдүүлдэг. Нүүрсний үнэ унаад, захиалга удаан хугацаанд буурвал цалин, тэтгэврээ яаж тавих вэ? Төсвөө тодотгох уу зэрэг томоохон эдийн засгийн сөрөг нөлөөллүүд бий болох юм.

Биржийн арилжаа энэ хүртэл амжилттай үргэлжилсэн ч цаашид хэрхэх бол

Нүүрсийг ам нөхцөлөөр бус бирж дээр арилжаалж эхэлснээс хойш 922 удаагийн арилжаа явуулж 15,9 их наядын үнэлгээ бүхий 37,5 сая тонн нүүрсийг арилжжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд гэхэд нүүрсний экспортын 40 орчим хувь нь биржээр арилжигдсан гэсэн үг. Товчоор бол биржээр арилжсанаар 1 их наядын нэмэлт орлого олсон гэх тоон мэдээ гарчээ. Биржээр нүүрснээс гадна жонш, төмрийн хүдрийн арилжааг зохион байгуулжээ. Энэхүү арилжаанд 14 компани орж ирсэн байна. Гэтэл сүүлийн хэдэн өдөр нүүрсний арилжаанд санал ирсэнгүй.

Арилжааны зарим нөхцөлийг өөрчлөх асуудал саналын түвшинд яригдаж байна

  • Нүүрсний арилжаан дээр 2 дахь арилжааг нээх
  • Дэнчингийн 10 хувь + урьдчилгаа 30 хувь гэсэн нөхцөлийг бий болгох гэсэн хувилбарууд яригдаж эхэлжээ.

Одоо явагдаж байгаа биржийн арилжаа хэт нэг талын буюу зөвхөн зарласан үнийг өсгөх, 100 хувь төлбөрийг нь авах, 10 хувийн дэнчин байршуулах, цаг хугацаанд нь хүргэж өгөх зэрэг үүрэг хүлээдэггүй зэрэг худалдан авагчийн талаас харахад хатуу хөшүүн нөхцөлүүд байгаа юм. Гэтэл хил даваад худалдан авагчид өмнө нь авсан нүүрсээ 3-4 сая тонноор нь нөөцөлсөн тул арилжааны идэвх суларсан гэж үзжээ. Иймээс бид биржийн арилжаандаа салхи оруулж, шаардлагатай өөрчлөлтийг хийх хэрэгтэй болжээ. Хөрөнгийн бирж, салбарын яам тухайлсан саналаа Засгийн газарт танилцуулахаар бэлтгэж байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe