УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Япон Улсын Токио хотноо болж буй “Хөгжиж буй Азийн бүс нутгийн эдийн засаг, төсвийн бодлого тодорхойлогчдын нийгэм, эдийн засгийн хүрээнд цаг үеийн чухал асуудлууд болон хэтийн төлөв” талаарх Азийн бүс нутгийн чуулга уулзалтад оролцлоо.
Энэ удаагийн 7 дахь хамтарсан хуралдаанаар “Хөгжиж буй Азийн бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг хангах дараагийн бодлогын алхам”, “Ази, Номхон далайн бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох болон Ази, Номхон далайн бүс нутгийн аж үйлдвэрийн бодлого” гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж санал солилцов.
Сангийн сайд Б.Жавхлан тус хуралд оролцох үеэр “Монгол Улсын аж үйлдвэрийн бодлого нь Ази, Номхон далайн эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийн уялдааг хангахыг зорьж байна. Монгол Улсын эдийн засгийг тэлэх, урт хугацааны өсөлтийг хангах зэрэг зорилт бүхий 14 мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээр төслүүд нь дэд бүтцийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний станц болон зэс, ган, газрын тосны бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд байгуулах зэрэг аж үйлдвэрийн хөгжлийг шинэ шатанд гаргах болно” гэв.
Сэтгэгдэл үлдээх