Graph.mn сайтын "Санал болгох 5 ном" буланд Р.Нямдаваа оролцож, 5 ном санал болгож байна. Тэрээр МУИС-д “Олон улсын харилцаа” мэргэжлээр бакалавр, магистр хамгаалсан. 2016-2022 онд БХЭШХ-д Олон улсын аюулгүй байдал судлаач, 2022-2024 онд NTV телевизэд Гадаад мэдээний тоймчоор ажилласан. 2018-2022 оны хооронд доктор, магистр, бакалаврын түвшинд олон улсын харилцаа, аюулгүй байдлын онол, үндэсний аюулгүй байдал судлал заасан. Олон улсын болон дотоодын 20 гаруй судалгааны төсөлд удирдагч, зөвлөх, гүйцэтгэгчээр ажиллаж, Монгол, Англи, Орос, Хятад, Япон хэлээр 30 гаруй илтгэл, өгүүлэл хэвлүүлсэн. Олон улсын харилцаа, аюулгүй байдлын чиглэлийн “Global Talk with Nyamdavaa” ярилцлагын нэвтрүүлгийн 74 дугаар бэлтгэсэн юм.
1. Шатрын аварга хөлөг
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байсан Бжезинскийн Хүйтэн дайны дараах дэлхийн дэг журмыг зурагласан суут бүтээл. Өдгөө өрнөж буй геополитикийн сөргөлдөөн, зөрчил, их гүрнүүдийн бодлогыг ойлгоход дөхөм болно. Таван зууны турш дэлхийн хүчний төв байгаа Евразийн их орон зайн улс төр, геополитикийн нөхцөл байдлыг, учир холбогдлыг тодорхойлохыг оролдсон шилдэг бүтээлүүдийн нэг. Олон улсын харилцааны чиглэлийн бусад томоохон бүтээлүүдтэй харьцуулахад хэмжээний хувьд ч цомхон.
2. Буу, Нян, Ган
Хүн төрөлхтөн, соёл иргэншлийн түүхийн талаарх олон бүтээлийн дотроос шилдгүүдийн нэг. Соёл иргэншлүүд хэрхэн хөгжиж, цэцэглэж, яагаад нэг нь нөгөөгөөсөө давуу эсвэл дутуу хөгжиж, нэг гараанаас гарсан улс, үндэстнүүд хол ялгаатай болсны учир шалтгааныг тайлбарласан бүтээл. Тэр дундаа улс орнуудын хөгжилд газар зүй, байгаль, цаг уурын хүчин зүйлсийн үзүүлсэн нөлөөг тодотгосон.
3. Хөх тариан талбайд
Хүний сэтгэл зүй, сэтгэл хөдлөлийг гайхалтай дүрсэлсэн бүтээл. Тэр дундаа шилжилтийн насаа даван туулж, амьдралд хөл тавих үеийн сэтгэл зүйн төгс дүрслэл. Зарим улсад хориглогдсон атлаа заримд нь заавал унших бүтээлд тооцогддог утга зохиолын түүхэн дэх хамгийн зөрчилтэй бүтээлүүдийн нэг.
4. 1984
Тоталитар дэглэм, хаалттай нийгэм, төрийн хяналт алсдаа биднийг юунд хүргэж болохыг харуулсан бүтээл. Зөгнөлт зохиол атлаа бидний хүрч болох, магадгүй аажмаар дөхөж буй ертөнцийн талаарх дүрслэл. Эрх чөлөөний үнэ цэнийг ойлгуулж, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэх сэдэл өгнө.
5. Алаг жарны бодрол
Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Гадаад явдлын яамны сайд, домогт Элчин сайд Б.Жаргалсайханы намтар. Өөрийн амьдралаар дамжуулж хорьдугаар зууны Монголын түүх, нийгэм, туулсан замналыг, Хүйтэн дайны үеийн Монгол Улсын гадаад бодлогын сорилт, бэрхшээлийг илэрхийлсэн.
Сэтгэгдэл үлдээх