16-аас доош насны хүүхдийн цахим орчны хэрэглээг хязгаарлах асуудлыг судална

.Graph
2025-02-14

Боловсролын сайд П.Наранбаяр 16-аас доош насны хүүхдэд олон нийтийн сүлжээ хэрэглүүлэхгүй байх асуудлыг судлахаар Ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийг Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга ахалж байгаа аж. Уг асуудлаар тусдаа хууль гаргах уу, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг нэмж, өөрчлөх үү гэдгийг судалж байж шийдэх гэнэ. Уг шийдлийг Австралид батлагдсан хуулиас санаа авчээ. 

Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр "Суурь шинжтэй энэхүү өөрчлөлтийг хийхийн тулд судалгаа хамгийн чухал. Мөн нийгмийн хэлэлцүүлэг үүсгэж, хэлэлцэж зөвшилцөх ёстой. Бид олон талын хүмүүстэй ярилцаж, шийдэлд хүрэх ёстой. 

2020 онд хийсэн цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын судалгааг харахад, эцэг эхчүүдийн 91 хувь нь цахим орчны халдлагад өртөж байгаагүй гэж боддог юм байна. Гэвч хүүхдүүдийн 87 хувь нь цахим орчинд ямар нэг байдлаар халдлагад өртсөн, түүнийгээ ээж аавдаа хэлээгүй байна гэж судалгаанд дурджээ. Цахим орчинд хүүхдэд зохисгүй агуулга явах, хүүхдийг насанд нь тохироогүй зүйлд уруу татах, цахим дээрэлхэлт үүсэх зэрэг асуудал гарч байна. Үүнээс хүүхдээ хамгаалах нь бидний үүрэг. Мөн цахим орчинд бид соёлтой, зөв харьцаж сурах нь манай нийгэмд ямар хэрэгтэй байгааг та бүхэн мэдэж байгаа.

Хүүхдийг интернэт хэрэглэхийг бүр мөсөн хориглохгүй. Мэдээж хүүхэд интернэт ашиглан хичээл үзэх, боловсролын үйлчилгээ авахад нээлттэй" гэлээ. 

Ажлын хэсэгт Австралид хийгдсэн хүүхэд цахим орчин хэрэглэхийг хориглосон туршлагаас судалж, танилцуулах юм байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe