60 тэрбум ам.долларын гэрээгээр нэгдэх гэж байсан Ниссан, Хонда компани хэлэлцээгээ зогсоохоор шийдвэрлэлээ.
Тус хоёр компани өнгөрсөн оны 12-р сараас хойш нэгдэх асуудлаар хэлэлцээ хийж байсан бөгөөд хэрэв нэгдсэн бол дэлхийд чансаагаараа гуравдугаарт орох том компани болж өргөжих байлаа. Харин сүүлийн үед Хонда компани байр сууриа өөрчилж, Ниссаны хувьцааг худалдан авч, өөрийн охин компани болгох санал тавьсан байна. Гэвч Ниссан үүнийг үл зөвшөөрч, хэлэлцээг зогсоож байгаагаа Хондад мэдэгджээ.
Компаниуд автомашины зах зээлд эзлэх хувиа Хятадын үйлдвэрлэгчдэд алдсаар байгаа бөгөөд өнгөрсөн оны 11-р сард гэхэд дэлхий даяарх цахилгаан автомашины борлуулалтын 70 орчим хувийг Хятадын компаниуд хийжээ. Тэд нэгдсэнээр цахилгаан автомашин үйлдвэрлэгч Америк, Хятадын компаниудтай илүү өрсөлдөх боломжтой болно гэж үзэж байсан тус хоёр компани одоо бизнесийн стратегиа өөрчлөхөөр шийдсэн байна.
Ниссаны хувьд, бизнесийн үзүүлэлтүүд нь тааруу байгаа тул үйлдвэрлэлийн хүчин чадлаа 20 хувиар бууруулж, 9 мянган ажилтнаа цомхотгоно гэдгээ өнгөрсөн оны 11-р сард зарлажээ.
Tokai Tokyo Intelligence Laboratory фирмийн ахлах шинжээч Сүгиүра Сэйжи энэ талаар "Нэгдэхээс татгалзах нь хоёр компанид хоёуланд нь сөргөөр нөлөөлнө" гэлээ. Учир нь, цахилгаан автомашин, автомат жолоодлоготой автомашин болон бусад технологид асар их хөрөнгө оруулалт шаардлагатай тул Ниссан компани дангаараа үүнийг хийх боломжгүй, тэгэхээр зайлшгүй нэг түнштэй болох хэрэгтэй. Харин Хондагийн хувьд, зардлаа бууруулах, хөрөнгө оруулалтын бодлогоо эргэн харах нь зүйтэй, нэгдэх асуудлыг анхнаасаа хөндсөн нь тус компанийн ашиг ажиллагааны түвшин тааруу байгааг илтгэж байгааг шинжээч дурдлаа.
Сэтгэгдэл үлдээх