Дөрвөн үндэстний хоккейн тэмцээн эхэллээ

.Graph
2025-02-14

Ойрын хэдэн жил болоогүй, тэр тусмаа хоккей сонирхогчдын анхаарлыг татсан "4 Nations face off" тэмцээн эхэллээ.

Канадын Монреаль, АНУ-ын Бостон хотноо хоёрдугаар сарын 20-ныг хүртэл явагдах энэхүү тэмцээнд Канад, АНУ, Швед, Финландын үндэсний шигшээ багууд оролцож байна. Тэмцээнд оролцогчид бүрэлдэхүүнээ зөвхөн NHL буюу Үндэсний хоккейн лигт тоглогчдоос бүрдүүлэх журамтай. Канад, Швед, Финланд, АНУ-ын шигшээ баг оролцож буй Дөрвөн үндэстний тэмцээн тойргийн системээр явагдах бөгөөд багууд хоорондоо тус бүр нэг удаа тоглоно. Ингээд эхний хоёр байр эзэлсэн багууд 21-ний өдөр финалын тоглолт хийх юм.

Уламжлал ёсоор хоёрдугаар сарын эхээр болдог Үндэсний хоккейн лигийн /NHL/ бүх оддын тэмцээний оронд энэ жил хоккейн хөгжлөөрөө дэлхийд гайхагддаг 4 улсын үндэсний шигшээ багуудыг оролцуулж байгаагаараа онцлог ажээ. Энэ нь 2026 онд Италид болох өвлийн Олимпын наадамд оролцох тоглогчдын хувьд томоохон бэлтгэл сургуулилалт болно гэж үзэж байна. Хоккейн чиглэлээр мэдээ, мэдээлэл бичдэг экспертүүдийн мэдээлснээр Үндэсний хоккейн лигт тоглодог ОХУ, Чехийн хоккейчдоос бүрдсэн шигшээ багуудыг оролцуулсан бол энэ удаагийн тэмцээний нэр хүнд улам л чанаржих байлаа хэмээн ам уралдана бичиж байгаа юм.

Канадын Монреаль хотноо болж буй Дөрвөн үндэстний тэмцээний эхний тоглолтод Канадын хоккейчид Шведийн шигшээ багийг нэмэлт цагт 4:3 харьцаагаар хожлоо.

Талбайн эзэн багаас Натан Маккиннон (1 дэх минут), Брэд Маршанд (14), Марк Стоун (38), Митч Марнер (67) нар, шведүүдээс Юнас Бродин (30), Адриан Кемпе (42), Юэль Эрикссон Эк (49) нар гоол оруулжээ. Дараагийн тоглолт Монреаль хотод

  • 16-ны өдөр Канадчууд АНУ-ын шигшээтэй,
  • 15-ны өдөр Шведүүд хөрш Финландын багтай  тус тус тоглоно.

1996, 2004, 2016 онд зохиогдсон шилдэг найман орны баг оролцдог Хоккейн дэлхийн цомын тэмцээн ( NHL-н тоглогчид оролцоно) 2028 онд дахин зохиогдохоор болсон билээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe