Өнгөрөгч пүрэв гарагт 22 сая хүн амтай Шри Ланка улсад түүхэндээ анх удаагаа томоохон хэмжээний цахилгаан тасалдалтай тулгарлаа. Энэ нь аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг тасалдуулж, эдийн засгийн хувьд ихээхэн хохиролтой учраад байна.
Хамгийн сонирхолтой нь, цахилгаан гэнэт тасарсан шалтгааны эзэн нь сармагчин байсан гэж эрх баригчид мэдэгдэв. Шри Ланка улсын Эрчим хүчний сайд Кумара Жаякоди, нийслэл Коломбо хотын өмнөд хэсэгт байрлах Панадурагийн цахилгаан станцын трансформатортай сармагчин шүргэлцсэнээс болж цахилгаан тасалдсан гэж мэдэгдсэн юм. Сармагчин цахилгааны ослоос амь үлдсэн эсэх талаар ямар нэгэн тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Цахилгаан орон нутгийн цагаар өглөөний 11:30 цагт тасарч, тус арлын эмнэлгүүд болон аж ахуйн нэгжүүд цахилгаан үүсгүүр ашиглахад хүрчээ.
Тус улсын төрийн мэдлийн цахилгаан эрчим хүчний монопол компани болох “Ceylon Electricity”-ийн инженерүүд станцад шуурхай засварын ажил гүйцэтгэснээр цахилгаан эрчим хүчийг ням гарагийн орой гэхэд бүрэн сэргээжээ. Гэхдээ 900 МВт хүчин чадалтай нүүрсээр ажилладаг цахилгаан станцыг хэвийн горимд оруулахын тулд улс даяараа шөнийн цагаар эрчим хүчний хэрэглээг хязгаарлах болно гэж мэдэгдсэн байна. Мөн долоо хоногийн даваа, мягмар гарагуудад өдрийн цагаар 90 минут цахилгааны хязгаарлалтыг хийх болсныг мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл үлдээх