Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төслийн хэлэлцээр 16 жилийн турш гацсан. Энэ хугацаанд өргөн, нарийн царигийн маргаан зэрэг асуудал хэлэлцээрт саад учруулж байв. Ийнхүү өнөөдөр (2025.02.14) асуудал эцэслэгдэж, хэлэлцээр үзэглэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад айлчилж буй.
Улмаар “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т талууд гарын үсэг зурлаа.
Энэ талаар Ерөнхий сайд ийнхүү бичжээ.
Монгол Улсын Засгийн газрын хөгжлийн 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж, баталгаажууллаа.
Энэ төсөл 2004 оноос эхлэн яригдаж, 2008 оноос хойш 17 жилийн хугацаанд нийт 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 3 зөвлөмж, Улсын Их Хурлын 6 тогтоол, Засгийн газрын 45 тогтоол гарсны эцэст өнөөдөр ийнхүү эцэслэн шийдвэрлэгдэж байна.
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй 2 дахь холболтын төмөр зам болж байна.
Энэ төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын хүчин чадал 2 дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгаагаас 165 саяд хүрч, нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ.
Ингэснээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн орлого нэмэгдэж, олон жил яригдсан татварын реформыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ.
Энэ хэлэлцээр байгуулагдсанаар Монгол Улс, БНХАУ хооронд Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр замаар үе шаттай холбогдох нөхцөл бүрдэж байна.
Хоёр улсын Засгийн газар аливаа гуравдагч талыг оролцуулахгүйгээр гэрээ хийх боломж 2004 онд ч байсан. Энэ гэрээ 21 жилийн өмнө хийгдсэн бол Таван толгойг тойрсон маргаан, царигийн мэтгэлцээн өрнөхгүйгээр Монгол Улс өнөөгийн үнэ цэнээр багадаа 31.5 тэрбум ам.долларын орлого олж, өнөөдрийн тулгамдсан дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой байх байлаа.
Хамтарсан Засгийн газар улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавьж, хувийн эрх ашигт боомилогдсон хөгжлийн мега төслүүдээ урагшлуулж, хурдтай хөгжлийн төлөө зориг гарган ард иргэдийнхээ язгуур эрх ашгийг дээдлэн ажиллах болно гэдгээ дахин илэрхийлье.
Мөнх хөх тэнгэрийн дор Монгол Улс мандан бадрах болтугай.
Сэтгэгдэл үлдээх