Мэргэжлийн боксын WBA /Дэлхийн боксын холбоо / холбооны Төв Азийн аваргын бүсээ хамгаалах тулааныг МУГТ Эрдэнэбатын Цэндбаатар, “ASA Arena”-д Мексикийн Педро Бернал Родригестэй хийлээ.
29 настай Э.Цэндбаатарын хувьд 2022 оноос эхлэн мэргэжлийн бокст хөл тавьснаас хойш нийт 11 тулаан хийсний бүгдэд нь ялалт байгуулж, 6-г нь хугацаанаас нь өмнө дутуу гаргаж байлаа. Харин түүний өрсөлдөгч Педро Бернал Родригес нь мэргэжлийн бокст 17 тулаан хийсний 14-т нь ялалт байгуулж, 2 тэнцэж, 1 ялагдал гэсэн үзүүлэлттэй бөгөөд WBA холбооны Канад, Мексикийн аваргын бүстэй юм. Чингис хаан хочтой Э.Цэндбаатар “ASA Arena”-д хуран цугларсан 3000 гаруй хөгжөөн дэмжигчдийн уухайн түрлэг дор өрсөлдөгчөө 6-р үед хүнд цохилтоор буулгаж авснаар мэргэжлийн бокст 12 дахь ялалтаа байгууллаа.
Тулааны дараа МУГТ Э.Цэндбаатар "Гар минь хүнд бэртсэн ч гэсэн би заавал дийлэх ёстой гэж бодсон. Монголчуудаа уйдаамгүй тулаан үзүүлж, аваргын бүсээ хамгаалсандаа баяртай байна. Өрсөлдөгчөө огтхон ч үл хүндэтгээгүй, хүчтэй өрсөлдөгч байлаа" хэмээн өгүүлсэн юм. Түүний хувьд энэ жилийн таван сард чансаа ахиулах тулааныг WBA холбооны дэлхийн чансааны 23-д эрэмбэлэгдсэн Мексикийн боксчин Родолфо Бустаманте Салазартай хийж магадгүй болсон байна.
Үүний дараа МУГТ Э.Цэндбаатар тулаанд ялалт байгуулахдаа өмсөж байсан бээлийгээ дуудлага худалдаанд оруулсан юм. Дуудлага худалдаа 3 сая төгрөгөөс эхэлсэн бөгөөд Улсын харцага Г.Ганхуяг 10 сая төгрөгөөр бээлийг үнэ цохиж авсан билээ.
Сэтгэгдэл үлдээх