Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийн үр дүнд 845 ажлын байр хадгалжээ

Ц.Чимэдцэеэ
2025-02-17

Рио Тинто Монгол компани цар тахлын хүндрэлд орсон жижиг, дунд бизнесүүдэд Инвескор ББСБ-аар дамжуулан 4.7 тэрбум төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээл олгох хөтөлбөрийг 3 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж дууслаа. Хөтөлбөрт 183 жижиг, дунд бизнес эрхлэгч хамрагдаж хүнд үед бизнесээ хамгаалж чадсанаар үр дүнд нь 3000 гаруй хүний амьдралд эерэг нөлөө бий болжээ.

Энэ талаар Рио Тинто Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал “Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр олон бизнес эрхлэгч ажлын байраа хадгалж, борлуулалтын орлогоо нэмэгдүүлж, хамгийн гол нь цаашид бизнесээ тогтвортой үргэлжлүүлэх мэдлэг, ур чадвар, туршлагыг бий болгосонд бид туйлын их баяртай байна. Мөн импортыг орлох бүтээгдэхүүн, үйлчилгээний салбарыг дэмжсэн нь урт хугацаанд Монголын эдийн засгийг төрөлжүүлж, олон тулгууртай болоход хувь нэмрээ оруулах чухал ач холбогдолтой” гэсэн юм.

Хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгж, хувиараа бизнес эрхлэгчдийн 82 хувь нь импортыг орлох үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зээлдэгчдийн 67% нь эмэгтэйчүүд юм. Салбараар нь авч үзвэл оёдол, арьс шир, модон эдлэл үйлдвэрлэл давамгайлж байгаа бөгөөд 20 орчим салбарт импортыг орлох бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхлэгчид хамрагдлаа.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe