Өмнөд Солонгосын жүжигчин Kim Sae-ron Сөүл хотод нас барсан байдалтай олдсон тухай цагдаагийн газраас мэдээллээ. Ням гарагийн 16:55 цагийн орчимд түүний найз тус хотын Сонсу-донг дүүрэг дэх гэрээс нь олсон байна. Цагдаа нар түүний үхлийн шалтгааныг амиа хорлолт гэж үзэн хэргийг хаалаа.
2000 онд Сөүл хотод төрсөн тэрээр 2009 онд Каннын кино наадамд оролцсон "A Brand New Life" кинонд тоглосноор олны танил болсон. Жүжигчин 2022 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас олны анхаарлын төвд байж, 2023 оны дөрөвдүгээр сард 20 сая вон торгуулсан юм. Түүний сүүлчийн дүр нь Netflix-ийн 2023 оны Солонгосын олон ангит "Bloodhounds" кинонд тоглосон.
Variety-ийн мэдээлснээр тэрээр согтуугаар жолоо барьж, осол гаргаснаар ихэнх дүрүүд нь цуцлагдаж кино урлагийн салбараас хөндийрч байжээ. Талийгаач Kim Sae-ron-ий дотны хүний мэдээлснээр Kim Sae-ron нь өмнө жилийн сүүлээр нэрээ Kim Ah In болгон солиулж, жижиг cafe нээн амьдралаа шинээр эхлүүлэхэд бэлэн болчихсон байсан гэжээ.
БНСУ-ын олны танил жүжигчид олон нийтийн үзэн ядалтаас болж амиа хорлосон хэргүүд цөөнгүй байдаг.
Lee Sun-Kyun
Солонгосын жүжигчин, “Parasite” кинонд бүтээсэн дүрээрээ үзэгчдэд танил болсон Lee Sun-kyun амиа егүүтгэсэн талаар 2023 оны 12 сарын 27-нд олон улсын хэвлэлүүд мэдээлж байсан. Түүнийг автомашин дотроо ухаангүй байхад нь цагдаагийн байгууллага олсон байна. Талийгаач жүжигчин Lee Sun-kyun хар тамхины хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан юм.
Sulli
Мөн Sulli гэх нэрээр танигдсан Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин нас барсан тухай 2019 оны 10 сарын 19-ний өдөр Ёнхап агентлаг мэдээллэж байсан. 2005 онд буюу 11 настайдаа анх драмад тоглож байсан ба 2009 онд SM Энтертайнментийн үүсгэн байгуулсан F(x) хэмээх таван гишүүнтэй охидын хамтлагт дуулах болсноор к-поп карьераар эхлүүлжээ. Харин 2014 онд SM Энтертайнмент Соллиг урлагаас завсарласан хэмээн мэдээлж, 2015 оны наймдугаар сард түүнийг албан ёсоор хамтлагаа орхиж, жүжигчнээр цаашид карьераа үргэлжлүүлэхээр болсон хэмээн мэдэгджээ. Түүнийг хамтлагаа орхих болсонтой холбоотойгоор сошиал орчинд янз бүрийн цуурхал гарч, сэтгэл зүйн дарамт учруулж байсан аж. Мөн тэрбээр “Jinri Store” реалити шоуны үеэр нийгэм болон олон хүмүүсээс айх айдас, сандрах эмгэгтэй гэдгээ ярьж байжээ.
U;Nee, Jeong Da-bin
U;Nee, Jeong Da-bin нарын амиа хорлолтод нетизенүүдийн хатуу шүүмжлэл, үзэн ядалт тэдний сэтгэл гутралыг даамжруулж, амиа хорлоход хүргэсэн гэж мэдээлж байсан. Тэдний “before and after” зураг цацагдаж олон нийтийн анхааралд ороод байсан юм.
Мөн Jeon Mi-seon, Кim Jong Хyun, Lee Eun-ju, Ahn Jae-hwan, Choi Jin-young, Yoo Ju-eun, Lee Ji-han, Moonbin зэрэг солонгос алдартнууд амиа хорлож байсан билээ.
Сэтгэгдэл үлдээх