Даваа гарагт Канадын Онтарио мужийн Торонто хотод байрлах Пирсоны олон улсын нисэх буудалд АНУ-ын “Delta Air Lines” компанийн онгоц газардах үедээ хөмөрсний улмаас 17 хүн шархадсан байна.
Уг онгоц АНУ-ын Миннеаполис хотоос 76 зорчигч, нисэх багийн 4 гишүүний хамт Канадын Торонто хотод ирсэн байна. Осол Канадын орон нутгийн 14:14 цагийн үед болсон бөгөөд осол гарснаас хойш 2 цагийн хугацаанд нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг зогсоож мөрдөн байцаалтын үйл явцыг дуустал 2 нислэгийн зурвасыг хаалттай хэвээр байлгах юм.
Пирсоны олон улсын нисэх буудлын ерөнхий захирал Дебора Флинт сэтгүүлчдэд ослын улмаас хүний амь үрэгдээгүйг батлаад эрх баригчид бэртэж, гэмтсэн зорчигчдод шаардлагатай бүх тусламж үйлчилгээг үзүүлж байгааг мэдээлсэн байна. Осолдсон “Delta Air Lines” компанийн Mitsubishi CRJ-900LR маркийн нисэх онгоцыг газардах үед Канад улсын зүүн хэсгийг хүчтэй цасан шуурга дайрсан юм. Даваа гарагт Торонто хотод салхины эрч буураагүй байсан нь онгоц газардах үеэрээ хөмрөх шалтгаан болсон гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Канадын Цаг уурын албаны мэдээлснээр нисэх онгоцны буудалд цас орж, салхи 51 км/ц хүрч шуургатай байсан бөгөөд цаашид 65 км/цаг хүртэл ширүүсэж байжээ. Мөн температур нь Фаренгейтийн 16.5 хэм (хасах -8.6 хэм) байв. Ийнхүү осол гарснаар сүүлийн нэг сарын хугацаанд Хойд Америкт томоохон нисэх онгоцны дөрөв дэх осол гэж бүртгэгдэж байна. Харин Пирсоны олон улсын нисэх онгоцны буудалд хамгийн сүүлд 2005 оны 8-р сарын 2-нд Францын Парисаас газардсан Airbus A340 онгоц шуургатай цаг агаарын улмаас хөөрөх зурвасаас гулсаж, осолдож байжээ. Air France-ын 358 дугаар нислэгийн 309 зорчигч болон багийн гишүүд бүгд тэрхүү ослоос амьд гарч байсан ажээ.
Сэтгэгдэл үлдээх