4 мянга орчим импортын үнэт эдлэл эрдэнийн чулуу тодорхойлох гэрчилгээ аваагүй байна

Ц.Чимэдцэеэ
2025-02-18

Стандарт, хэмжил зүйн газраас хоёрдугаар сарын 1-25 хүртэл урьдчилан сэргийлэх зорилгоор үнэт метал, эрдэнийн чулуун эдлэлийн арилжаа эрхлэгчдийг шалгаж байна. Үүнд нийслэл, 21 аймагт үнэт метал, эрдэнийн чулуун эдлэл худалдан борлуулдаг худалдааны төв, дэлгүүр, лангуу, түрээслэгч, үйлдвэрлэл үйлчилгээний 150 иргэн, хуулийн этгээд хамарч байгаа аж.

Импортоор орж ирсэн үнэт эдлэлээс 4 мянга орчим нь эрдэнийн чулуу тодорхойлох гэрчилгээ аваагүй, сорьцын баталгааны тэмдэггүй зарж байгаа зэрэг зөрчил илэрсэн байна.

Энэ талаар СХЗГ-ын Сорьцын хяналтын газрын дарга Д.Бэхбат “Илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын ахлах байцаагч албан шаардлага хүргүүлнэ. Мөн фейсбүүк лайваар үнэт эдлэл, эрдэнийн чулуу зарж борлуулж буй асуудал нэмэгдэж байна. Цахимаар үнэт эдлэл, эрдэнийн чулуу чиглэлийн бараа бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангагдсан эсэхийг тодорхойлох боломжгүй учраас иргэд үнэт эдлэлийг цахимаар худалдан авалт хийхээс татгалзах нь эрсдэлээс өөрийгөө хамгаална. Хэрэв худалдан авалт хийх гэж буй бол эрдэнийн чулууны гэрчилгээ, сорьцын баталгааны тэмдэг, гаднын улсаас импортлогдсон бол тухайн улсын стандартын шаардлага хангасан сертификат зэргийг шаардаж, шалгаж авах нь зүйтэй” гэв.

Мөн тэд хуулийн этгээд нь арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх, эрдэнийн чулууны гэрчилгээтэй эсэх, сорьцын баталгааны тэмдэг дарагдсан эсэх, худалдаа үйлчилгээний төлбөр тооцоонд ашиглаж буй хэмжих хэрэгслийн загварыг батлуулж, Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлсэн эсэх, импортын гарал үүсэл тодорхой бус алт, мөнгөн эдлэлийг сорьцын баталгаажуулалтад хамруулсан эсэх зэрэгт анхаарч байгаа аж.

Илэрсэн зөрчлийг Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох хууль, дүрэм журмын дагуу арилгуулах арга хэмжээ авч, эрх бүхий албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгаж, зөрчил дутагдлыг арилгуулах, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах юм. Уг ажлыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы тушаалаар гүйцэтгэж байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe