Tik Tok АНУ дахь App Store, Play Store-д эргэн байршлаа

.Graph
2025-02-19

“TikTok”  аппликейшн энэ долоо хоногт АНУ дахь “Apple”-ийн “App Store”, “Google”-ийн “Play Store” -д дахин байршжээ. 

Ерөнхийлөгч Д.Трамп уг платформыг хориглох шийдвэр хэрэгжиж эхлэх хугацааг ирэх дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хүртэл хойшлуулснаас хойш хэдэн долоо хоногийн дараа ийнхүү буцаж байршлаа. Ж.Байдены засаг захиргаа “TikTok”-ыг нэгдүгээр сарын 19-нээс хориглохоор шийдвэрлэсэн юм.  

Харин Д.Трамп нэгдүгээр сард тангараг өргөсөн даруйдаа уг хоригийг дөрөвдүгээр сар хүртэл 75 хоногоор хойшлуулах тухай зарлигт гарын үсэг зурсан билээ. Ийнхүү хойшлуулснаар аппликейшны худалдаа эрхэлдэг компаниуд “TikTok”-ыг татаж авах боломжтой хэвээр байлгасныхаа төлөө торгууль хүлээхгүй юм.

Д.Трамп хоригийг цаашид дахин хойшлуулж магадгүй гэж хэлсэн байна. “Надад 90 хоног байгаа, үүнийг сунгаж болно гэдэгт итгэлтэй байна, гэхдээ юу болохыг харцгаая” хэмээн тэрбээр хэлжээ.

Гэхдээ хоригийг 75 хоногоор хойшлуулаад байгаа атал “90 хоног” гэж хэлсэн нь ямар учиртай болох нь тодорхойгүй байна. “Sensor Tower” фирмийн мэдээлснээр, өнгөрсөн онд Америкийн хэрэглэгчид “TikTok”-ийг 52 сая гаруй удаа татаж авснаар хамгийн олон удаа татагдсан аппликейшны хоёрдугаарт жагсжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe