ОХУ-Украины дайн эхэлснээс хойш ОХУ, АНУ-ын дээд түвшний албан тушаалтнууд анх удаа уулзаж албан ёсны хэлэлцээ хийлээ.
Саудын Арабын хаант улсын нийслэл Эр-Рияд хотод болсон уулзалтад ОХУ-ыг төлөөлж
Харин АНУ-ыг төлөөлж
Талуудын албан ёсны мэдэгдлээс харахад уулзалтын гол үр дүнгийн нэг нь дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг бүрэн сэргээхээр тохирсон явдал байв.
В.Путины зөвлөх Юрий Ушаковын хэлснээр, дөрвөн цаг гаран үргэлжилсэн хэлэлцээ үр дүнтэй болж төлөөлөгчид тулгамдаж буй бүх асуудлаар нухацтай ярилцсан гэлээ. Ю.Ушаков АНУ, ОХУ-ын зүгээс хэлэлцээний тусгай баг томилж, Украины дайны асуудлаар тогтсон цагт яриа хэлэлцээр эхлүүлнэ гэж мэдээлсэн ч яг хэзээ болохыг тодорхой хэлээгүй байна.
Мөн В.Путин, Д.Трамп нарын уулзалтын бэлтгэл ажлыг хангах талаар хэлэлцжээ.
Түүнчлэн АНУ-ын Төрийн департаментаас гаргасан албан мэдээлэлд С.Лавров, М.Рубио нар хоёр орны харилцаанд нөлөөлж буй хүчин зүйлсийг арилгах болон Украины асуудлыг зохицуулах ажлыг эхлүүлэхийн тулд өндөр түвшний багийг томилохоор тохиролцсон гэж мэдэгдэв.
Төрийн нарийн бичгийн дарга Марк Рубио уг уулзалтын дараа хэвлэлд өгсөн тайлбартаа Украины мөргөлдөөнийг зогсоохын тулд хүнд хэцүү, эрчимтэй дипломат ажиллагаа шаардагдах боловч эцсийн хэлэлцээрийн нөхцөл нь Украин, Орос, Европ дахь түншүүд зэрэг бүх талууд хүлээн зөвшөөрөхүйц байх ёстой гэв.
Харин Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолз хэлэхдээ, Ерөнхийлөгч Д.Трамп Украин дахь мөргөлдөөнийг түр хугацаагаар биш бүрмөсөн зогсоохыг хүсэж байгаа бөгөөд үүнд хүрэхийн тулд шуурхай арга хэмжээ авахаар шийдсэн гэжээ. Ассошиэйтед Пресс агентлагийн тодруулсанаар АНУ, ОХУ-ын төлөөлөгчид Вашингтон болон Москва дахь Элчин сайдын яамдын ажилтнуудын тоог харилцан нэмж өмнөх жишигт хүргэхээр тохиролцсон байна.
Хэлэлцээний үр дүнгийн талаар хамгийн сүүлд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тайлбар хийсэн юм. "Эхний бөгөөд хамгийн тулгамдсан зүйл бол талууд дипломат төлөөлөгчийн газруудын хэвийн үйл ажиллагааг сэргээхээр тохиролцсон явдал юм. Элчин сайдуудыг аль болох хурдан томилох, мөн дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагаанд олон жил бий болсон саад тотгорыг арилгахаар тохиролцсон" гэж С.Лавров хэллээ. Талууд Украины асуудлыг зохицуулах ажлыг эхлүүлэхээр тохиролцсоныг тэрээр баталсан. "Бид энэ үйл явцад АНУ-ын төлөөлөгчөөр хэн томилогдсоныг олж мэдмэгцээ Оросын талаас хүнээ шууд томилно" гэж С.Лавров тодруулсан юм. Тэрээр цааш нь ерөнхийдөө уулзалтын дараа Америкийн тал Москвагийн байр суурийг илүү сайн ойлгож эхэлсэн гэж үзэж байна хэмээв.
Fox News телевиз дипломат албан эх сурвалжаас авсан мэдээлэлд тулгуурлан АНУ, ОХУ-ын төлөвлөгөө нь юуны түрүүнд Украинд гал зогсоох, үүний дараа сонгууль явуулж эцэст нь энхийн гэрээнд гарын үсэг зурах гэсэн гурван үе шат багтсан тухай мэдээлжээ.
Эр-Риядад болсон уулзалтад Украины төлөөлөгчдийг уриагүй билээ. Ерөнхийлөгч Володимир Зеленський Киевийн төлөөлөгчдийн оролцоогүйгээр байгуулсан Орос, АНУ-ын ямар ч хэлэлцээрийг Украин хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн юм. Тэгвэл Цагаан ордны зүгээс Украинтай хийх хэлэлцээ өөр шатанд явагдана гэдгийг тодруулжээ. Ройтерс агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгчийн Украины асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Кит Келлог Киевийг шууд зорих аж.
Сэтгэгдэл үлдээх