Төрийн алба хаагчид Цагаан сараар 3 биш 2 хоног амарна

.Graph
2025-02-19

Монголчуудын уламжлалт сар шинийн баяр, билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр бүх нийтээр амрахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.2-оор зохицуулсан. Энэ жил Монгол одон зурхайн цаг тооллоор билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өдөр тасарч,  шинийн 2, 3-ний өдөр 2025 оны 03 дугаар сарын 1, 2-нд тохиож байна. Иймд шинийн 2, 3-ний өдрүүдэд сар шинийн баяраа тэмдэглэн өнгөрүүлнэ. 

Харин шинийн 4 буюу 2025 оны 03 дугаар сарын 03-ний Даваа гарагаас төрийн байгууллагуудын ажил, үйлчилгээ хэвийн явагдана гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

Хувийн хэвшлийн байгууллагуудын тухайд ажил, амралтын өдрийг дотоод хэм хэмжээндээ тусган зохицуулах боломжтой юм. 

Цаашид нийтээр тэмдэглэх баярын өдрүүд долоо хоногийн амралтын өдөр таарсан тохиолдолд ажлын өдөрт шилжүүлэх, нөхөн амраах зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хууль, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe