Б.Дэлгэрсайхан: Улаанбаатар төмөр замыг шинэчилнэ

.Graph
2025-02-19

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан цаг үеийн асуудлуудаар сэтгүүлчдэд өгсөн мэдээллийг хүргэж байна. 

Богд уулыг нүхлэхэд 700 сая ам.доллар зарцуулна

Богдхан уулыг нүхлэх талаар тэрээр "Богдхан уулын туннел нь 1.2 км гүүртэйгээ хамт баригдана. Төслийн ТЭЗҮ тавдугаар сарын 15-нд дуусаад үргэлжлүүлээд гүйцэтгэгчийн тендер зарлана. Засгийн газар томоохон төслүүдээ хэрэгжүүлэхдээ дотоодын худалдан авалтыг дэмжинэ. Энэ жил зам барих болон бусад төсөл хэрэгжүүлэхэд 3 их наяд төгрөгийн төсөв тавьсан. Ихэнх нь хуучин эхлүүлсэн замын төслүүд байгаа, шинээр эхлэх зам байхгүй. Бүтээн байгуулалтыг асар өндөр гээд яриад байгаа боловч 700 сая ам.долларын л барилга байгууламж юм" гэлээ. 

800 вагоныг түрээсгүй ашиглаж байгаа, цаашид ч түрээс өгөхгүй

Эрдэнэс Монгол ХХК-ийн захирал С.Наранцогт "Эрдэнэс Тавантолгой ХК-ийн мөнгийг нь төлсөн 800 вагон, 10 зүтгүүрийг Зам тээврийн яам авсан ч хаана, юунд ашигладгийг мэдэхгүй" хэмээн ярьсан. Уг асуудалд Б.Дэлгэрсайхан сайд хариулт өгөв.

Тэрээр "Тэр үнэн. 800-аад вагон гол зам руу орж ирсэн. Тавантолгой төмөр зам ХХК болон Монголын төмөр зам ХХК-ийн нийлсэн задгай нүүрсний зориулалттай вагонуудыг ямар нэгэн түрээсгүйгээр Улаанбаатар төмөр замд авч өгсөн. Миний тушаалаар. Үлдсэн 200 нь тавцант вагон учир Тавантолгой төмөр зам руу буцаасан. Үүнийг л ярьж буй юм билээ. Урьд өмнөх удирдлагууд, төмөр замын компаниудын удирдлагууд энэ вагоныг хувиараа гэдэг юм уу, компаниудаараа түрээслэдэг байсан учраас түүнийг үнэ төлбөргүй аваад өгчихөөр тэгж байгаа юм. Хэрэв энэ вагоныг үнэтэй өгчихвөл дотоодын станцуудын нүүрсний үнэ нэмэгдэнэ. Улаанбаатар төмөр зам нүүрс зөөх вагонгүй шүү дээ. 661 вагон 42 жил яваад актлагдсан. С.Наранцогтын яриад байгаа вагонууд нүүрс тээвэрлэж байгаа. Зүгээр сул зогсолт хийж байснаас нүүрс тээвэрлэж байсан нь дээр биз дээ. Цаашдаа төрийн өмчийн компаниуд хоорондоо вагон түрээслэдэг асуудлыг таслан зогсоосон. Ийм зүйл байж болохгүй. Тэр хэмжээгээр юмны үнэ өснө" гэв. 

Улаанбаатар төмөр замыг шинэчилнэ

Улаанбаатар төмөр замыг шинэчлэх хүрээнд Орос-Монгол-Хятад улсууд хамтран Улаанбаатар төмөр замын харьяа төмөр замуудыг шинэчилнэ. Энэ талаар тэрээр "Одоогийн төмөр замыг муулах зүйл байхгүй. 75 жилийн тэртээ уулын бэл дагаж, усны хаялга дагаж, байгаа технологийнхоо хэмжээгээр барьсан төмөр зам. Вагон шинэчлэх гэхээс илүү замаа шинэчлэх шаардлага бий. Замаа шинэчилсний дараа вагоноо шинэчилнэ. Уг асуудлыг ирэх хавар дөрөвдүгээр сард Улаанбаатар хотод гурван улсын төмөр замын зөвлөгөөнөөр шийдвэрлэнэ" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe