Лас Вегаст Netflix-ийн ресторан нээгдлээ

.Graph
2025-02-20

‘’Netflix Bites’’ ресторан энэ долоо хоногоос АНУ-ын Лас Вегас хотын “MGM Grand Hotel Casino”-д үүд хаалгаа нээлээ.

Ресторан бүтэн жилийн турш ажиллах бөгөөд алдартай цувралуудаасаа сэдэвлэсэн өглөөний цай, өдрийн хоол болон оройн хоолны цэсийг санал болгож байна. Үүнд

  • ‘’Bridgerton” хэв маягийн цайны үйлчилгээ,
  • ‘’Stranger Things’’-ийн өдрийн хоол,
  • ‘’Wednesday’’ цувралын дүрүүдийн зурагтай начо гэх мэт багтаж байна.

Мөн долоо хоног бүр онцлох нэг цувралын сэдэвт коктейлиор үйлчлэх ба нээлтийн долоо хоногт ‘’Love is Blind’’, ‘’Squid Game’’ шоуны коктейлийг уух боломжтой.

“Netflix” өмнө нь ч хоолны салбарт туршилт хийж байжээ. Тухайлбал, 2023 онд Лос Анжелест нэг сарын турш ‘’Netflix Bites’’ түргэн хоолны рестораныг ажиллуулж байжээ. Харин Лас Вегас дахь ресторан нь илүү өргөн хүрээнд, удаан хугацаанд ажиллана гэдгээрээ ялгарч байгаа нь “Netflix”-ийн хорхойтнуудад таатай мэдээ болж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд Netflix үзэгч, фенүүддээ зориулсан сонирхолтой арга хэмжээнүүдийг нэмэгдүүлж байгаа билээ. Хамгийн сүүлийн үеийн онцлох арга хэмжээ болох ‘’Squid Game: The experience’’ нь үзэгчдэд цувралд гардаг тоглоомуудыг туршиж үзэх боломж олгосон юм. Нью-Йорк хотын Манхэттен Молл дахь арга хэмжээний үеэр оролцогчид 60 минутын хугацаанд шилэн гүүр, ддакжи /Цаасан тоглоом/,  далгона гэх мэт цувралын сонирхолтой тоглоомуудыг туршиж үзжээ. 

Мөн Netflix компани 2025 оны 7 сард  АНУ-ын Даллас, Филадельфиа хотуудад “Netflix House”-аа нээхээр төлөвлөж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe