Филиппин улсад нэг шумуул албал 60 төгрөг олгоно

.Graph
2025-02-20

Сүүлийн үед Филиппин улсын хүн ам шигүү суурьшсан хотуудад шумуулаар дамжиж денге чичрэг өвчний тархалт их байгаатай холбогдуулан эрх баригчид иргэдэд шумуул албал мөнгөн урамшуулал олгож эхэлсэн байна.

Манила хотын төв хэсэгт орших Барангай Аддишн Хиллс дүүргийн дарга Карлито Сернал таван шумуул тутамд нэг песо (ойролцоогоор 60 төгрөг) гэсэн урамшуулал олгохоо зарласан байна. Энэ санаачилга цахим сошиал сүлжээнд олон нийтийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа ч эрх баригчдын зүгээс ард иргэдийн  эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй хэрэгтэй алхам гэж үзэж байгаа юм.

Эрх баригчдын мэдэгдсэнээр сарын хугацаанд тус дүүрэгт сарын хугацаанд денге чичрэг өвчний тохиолдол илт нэмэгдсэн бөгөөд одоогийн байдлаар 2 оюутан тэрхүү өвчний улмаас нас барсан тул ийм арга хэмжээ авахад хүрсэн гэж тайлбарласан. Шумуул амьд эсвэл үхсэн байх нь хамаагүй, түүний авгалдайг ч барьсан бай, мөнгөн урамшуулал авах аж.

Харин амьд шумуулыг хэт ягаан туяаны гэрлээр устгах арга хэмжээ авах юм байна. Одоогийн байдлаар тус дүүрэгт 21 хүн 700 гаруй шумуул барьж, урамшууллаа авах хүсэлт гаргаад байгаа ажээ. Филиппиний эрүүл мэндийн газар /ЭМГ/ болон Манила хотын засаг захиргааны удирдлагууд түүний гаргасан энэхүү шийдвэрийг маш сайн шийдвэр болсон хэмээн үнэлжээ. Денге чичрэг өвчин нь халуун бүс нутгийн орнуудад түгээмэл тохиолддог бөгөөд ариун цэвэр хангалтгүй хотын бүсүүдэд вирус тээгч шумуул олширсноор халдварын дэгдэлт нэмэгдэх нь түгээмэл байдаг. Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд олон нийтэд одоогийн байдлаар денге чичрэг өвчний 44 тохиолдол бүртгэгдсэн гэж зарлажээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe