Алдарт реппер, загварын ертөнцийн од A$AP Rocky буюу Р.Майерс хуучны найз руугаа гал нээсэн хэрэгт гэм буруугүй болох нь тогтоогджээ.
Мягмар гарагт Лос Анжелесын тангарагтны шүүхээс түүнд холбогдох хоёр хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн байна. Тэрбээр 24 хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлэх магадлалтай байсан юм.
Тодруулбал, 2021 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Холливудын гудамжинд маргалдаж байхдаа A$AP Rocky-г өөр рүү нь гал нээсэн гэж Терелл Эфрон гэгч мэдүүлжээ. Харин загварын ертөнцийн магнат, поп од Рианнатай олон жил хамтран амьдарч буй A$AP Rocky уг зэвсгийг хуурамч буу байсан гээд, мөнгөний төлөө ийм мэдэгдэл хийсэн хэмээн няцаажээ.
Түүнийг гэм буруугүйд тооцсон эхний шийдвэрийг уншиж байх үед репперийн гэр бүл, ялангуяа түүний эхнэр алдарт дуучин Рианна болон тэдний хоёр хүү RZA, RIOT нар байсан бөгөөд түүнийг цагаатгагдсаны дараа баяртайгаар тэврэлдэцгээсэн байна. Үүний дараа хоёр дахь шийдвэрийг танилцуулах үеэр тэрбээр өмгөөлөгч нараа тэврэн нулимс дуслуулж буй нь харагдав.
Хэрэг нь хэрэгсэхгүй болсны дараа A$AP Rocky "Бурханд талархаж байна, та бүхэн миний амийг аварлаа" хэмээн хэлжээ. Түүний өмгөөлөгчид энэхүү ялалт нь "Үнэн бодит байдлыг тогтоосон шударга шийдвэр" хэмээн мэдэгдсэн.
Түүд холбогдох хэргүүд хэрэгсэхгүй болсны үр дүнд Р.Майерс хууль эрх зүйн хувьд цэвэр үлдсэн төдийгүй түүний хөгжмийн болон загварын карьер цаашид саадгүй үргэлжлэх нөхцөл бүрдэж байна. Р.Майерс, Т.Эфрон нар Нью-Йоркт ахлах сургуульд суралцаж байх үеэс бие биеэ мэддэг бөгөөд A$AP Mob гэдэг нэртэй хипхоп хамтлагийн гишүүд, сайн найзууд байжээ.
Сэтгэгдэл үлдээх