Б.Батзаяа: Хөлбөмбөгийн холбоо өрөнд орох ямар ч үндэсгүй байж

.Graph
2025-02-21

Монголын Хөлбөмбөгийн Холбооны Түр хорооноос хэвлэлийн бага хурал хийлээ. Уг хэвлэлийн хурлыг Тайлбарлагч Б.Батзаяа тоймлосныг хүргэж байна.  

Товчоор бол өрөнд орох ямар ч үндэс байхгүй гаднаас бүх мөнгө нь орж ирээд төсвөөсөө илүү гарсан. Дотоодоос олсон мөнгө нь тодорхойгүй. Холбооны ажилчид өөрсдийн гэр бүлийн хамаарал бүхий хүмүүстэйгээ гадагшаа аялсан, тогтмол 2-10 сая төгрөг урамшуулал нэрээр дансаараа авч байсан гэх мэт зөрчлүүд илэрсэн байна. Гэтэл цалингаа тавьж чадахгүй, шагналын мөнгөө өгч чадахгүй, 5.6 тэрбумын өрөнд орсон байна. Мэдээ дансны хуулга, гэрээнүүд бусад мэдээллүүдээ гаргаж өгөхгүй өгсөн ч маш хязгаарлагдмал хүрээнд өгсөн.

Дүгнэлт дэлгэрэнгүйгээр орууллаа.

-2024 оны санхүүгийн төсвийг Их хурлаас 10,621,500,000 төгрөгийг зарцуулна гэж баталсан. Үүнд,

  • Лигийн зохион байгуулалтын зардал,
  • Лигийн шагнал урамшуулал,
  • Тэмцээнүүдийн шагналын зардал,
  • Хүүхдийн тэмцээнүүдийн шагналын зардал,
  • Гишүүн холбоодын урамшуулал,
  • Лигийн клубүүдийн лицензжүүлэлтийн зардал,
  • 1-р лигийн клубүүдийн лицензжүүлэлтийн зардал,
  • Ажилчдын цалин,
  • Шигшээ багийн тамирчдын цалин урамшуулал,
  • Бүх аялан тоглолтын зардлууд,
  • Хувцас хэрэгслийн зардлуудыг бүгдийг багтааж төсөвлөсөн байна.

-Дээрх төсвөөс их мөнгө зөвхөн 2024 оны МХБХ, АХБХ болон ОУХБХ-ны долларын дансны хуулгаас харахад нийтдээ 3,165,000 ам долларын орлого орсон байна. Энэ нь ойролцоогоор 11 тэрбум гаруй төгрөгийн орлого орсон буюу төлөвлөсөн төсвийг олсон байна гэж харагдаж байна.

-Үүнээс гадна МХБХ-ны төгрөгийн бусад дансанд дотоодын хөрөнгө оруулалтаар орсон орлогыг холбогдох баримт бичиг олдоогүй улмаас нарийвчлан тооцоолох боломжгүй байна.

-Барьцаалсан зээл, Хувь иргэн, ББСБ, ХХК, холбооны удирдлагууд болон дотоод ажилтан нараас хүүтэй зээл авсан орлогын гүйлгээнүүд байгаа ба хүүг төлж байсан зарлагын гүйлгээнүүд их байна.

-Эндээс харвал өр нэмэлтээр үүсэх нөхцөлгүй байсан, төсөвлөсөн мөнгө нь бүрэн дүүрэн байтугай давж биелсэн нь харагдаж байна.

Гэтэл өмнөх ЕНБД нь манай холбоо 2023 онд 3.8 тэрбум төгрөгийн өртэй байснаас 2024 онд 1.8 тэрбум төгрөгийн өр нэмэгдэж 5.6 тэрбум болсон гэж танилцуулсан.

Холбооны өмч хөрөнгийг дараах байдлаар зориулалтын бусаар зарцуулснаас энэхүү санхүүгийн хямралууд үүссэн байна. Үүнд:

  • Холбооны хөрөнгөөр эрх бүхий албан тушаалтнууд гэр бүлээрээ, эгч дүүсээрээ гадаад орнуудад аялсан зөрчлүүд илэрсэн.
  • 30.000$-ийн 10%, 762.020$-ийн 10% гэх мэтчилэн Ерөнхийлөгчийн маркетингийн хэлтэст олгосугай гэх тушаал, дэд нарийн бичгийн дарга руу урамшууллыг олгох гэх утга бүхий цохолттойгоор гаргасан тушаалуудаар удирдах албан тушаалтнууд ашиг олсон.
  • Холбооны Нарийн бичгийн дарга, Гадаад харилцаа хариуцсан захирал, тэдгээрийн хамаарал бүхий хүмүүст “Маркетингийн зардал” нэрийн доор 2-10 сая төгрөгийн тогтмол зардал гаргасан байна.
  • Монголын хөлбөмбөгийн холбооны талбай, оффис, Төв аймагт байрлах Шигшээ багийн бэлтгэлийн төвийг барьцаалсан асуудал дээр албан ёсоор тайлбар хийх хүн олдоогүй, гэрээг гаргаж өгөөгүй. Зөвлөлийн тогтоол гаргаж өгөөгүй нь холбооны Төв оффис, Төв талбай, Футзалын ордон, төв аймаг дах бэлтгэлийн баазыг барьцаалж, 500 сая төгрөгийн зээл авсан байх магадлалтай байна.
  • МХБХ-ны Зөвлөлийн гишүүдэд үнэн зөв мэдээлэл өгөөгүй, зөвлөл асуудлыг нягтлаж шалгаж үзээгүй, чухал шаардлагатай мэдээллийг нуун дарагдуулсан нь үйл ажиллагааг доголдоход хүргэсэн.
  • Санхүүгийн хүнд нөхцөл байдалд байхад тэвчиж болох зардлыг багасгах байтал өмнөх зөвлөлийн баталсан урамшуулал олгох тогтоолыг одоогийн УЗ-өөр хүчингүй болголгүй өөрт болон цөөн хүмүүст давуу байдлаар урамшууллыг олгосон нь санхүүгийн хүнд нөхцөлтэй үед сахилга батгүй үйлдэл гэж үзэж байна.
  • Барилгын засвар үйлчилгээний ажлуудын зардлууд төсөвлөсөн хэмжээнээс хэтэрсэн ба өндөр дүнтэй ажлуудын тендерийн үйл ажиллагаа, баримт мэдээллүүд олдохгүй байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe