Цахим мөрийтэй тоглоомын сайтуудыг шалгах Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахалж буй билээ. Тэрээр цахим мөрийтэй тоглоомын хяналтыг чангатгахын тулд хуулийн төсөл боловсруулж, УИХ-д яаралтай горимоор өргөн барина гэдгээ мэдээлсэн. Тэгвэл тэрээр хуулийн төсөлтэй холбоотой мэдээллийг цахим хуудаснаа хуваалцжээ.
Тодруулбал, өргөн барьж буй хуулийн төсөлд "Иргэн, аж ахуйн нэгж, influencer, youtuber-үүд ТВ, Фм радио, Youtube, Facebook, Instagram, Tik tok гэх мэт олон нийтийн сувгаар 1xbet, Melbet болон бусад цахим мөрийтэй тоглоомыг сурталчилсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ" гэх заалт орж байгаа аж.
Энэ талаар тэрээр "Цахим мөрийтэй тоглоомыг сурталчлахыг хориглосон жишээ
1. ОХУ: 1XBET-ийг албан ёсоор хааж, сурталчилгаа явуулсан хүмүүсийг шийтгэсэн.
Оросын эрх баригчид 1XBET-ийг хууль бус үйл ажиллагаа явуулсан хэмээн 2022 онд албан ёсоор хориглож, уг платформыг сурталчилсан олон нийтийн сүлжээний нөлөөлөгчдийг их хэмжээний торгууль, зарим тохиолдолд эрүүгийн хариуцлагад татсан.
2. Франц: Цахим мөрийтэй тоглоомын сурталчилгаанд хязгаарлалт тогтоосон
Францын Засгийн газар цахим мөрийтэй тоглоомын сурталчилгааг телевиз, радио, олон нийтийн сүлжээгээр явуулахыг эрс багасгаж, зөвхөн тодорхой насны хүмүүсийн хандаж болох платформуудад зөвшөөрдөг болсон.
3. БНХАУ: Онлайн мөрийтэй тоглоомыг бүрэн хориглосон
Хятад улс цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглож, VPN ашиглан тоглож буй хүмүүсийг ч илрүүлж, хатуу хариуцлага хүлээлгэдэг. Tencent зэрэг томоохон технологийн компаниудыг мөрийтэй тоглоомын платформуудтай хамтрахыг бүрэн хориглосон байна.
Манай улсын хувьд зөвхөн 1XBET гэхэд жилдээ 1 сая доллараар спортын баг, дуучид, influencer, youtuber-үүдийг ивээн тэтгэж 500 сая долларын ашиг олдог гэсэн тооцоо бий. Энэ 500 сая доллар бол Монгол залуусын ажил, амьдрал, үр хүүхэд, хайртай бүхнээсээ хагацан байж өгсөн мөнгө. Сүүлдээ бараг айл бүр 1 мөрийтэй тоглоомчин, казиночин, бэтчинтэй болжээ. Тийм учраас Монгол Улсын Засгийн газраас 1XBET, MELBET гэх мэт төрөл бүрийн цахим мөрийтэй тоглоомыг тоглосон, зохион байгуулсан, зуучилсан, сурталчилсан бүх үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийг нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх