НҮБ-ын Статистикийн комиссын 56 дугаар чуулган АНУ-ын Нью-Йорк хотод энэ сарын 4-7-нд зохион байгуулагдаж байна. “Better data better lives” уриан дор үргэлжилж буй энэ удаагийн чуулганаар нийгэм, эдийн засаг, байгаль орчны статистик, статистикийн чанар, үндсэн зарчмууд, Тогтвортой хөгжлийн зорилгын шалгуур үзүүлэлтүүд болон өгөгдлийн шинжлэх ухаан зэрэг дэлхийн улс орнуудын албан ёсны статистикийн шинэчлэлийн асуудлуудыг хэлэлцэж байна.
Чуулганы үеэр “Хэрэгцээнд суурилсан, уян хатан үндэсний статистикийн системийн чадавхыг хөгжүүлэх нь” сэдэвт салбар хуралдаан боллоо. Энэ үеэр ҮСХ-ны дарга Б.Батдаваа Монгол Улсын Үндэсний Статистикийн Хорооноос хэрэгжүүлсэн статистикийн мэдээллийн хиймэл оюунт чатбот (www.1212.mn) болон Төрийн мета өгөгдлийн нэгдсэн сан (https://metadata.nso.mn), Төрийн нэгдсэн өгөгдлийн санг (https://data.nso.mn) танилцуулж, улс орнуудын статистикийн системийг тогтвортой хөгжүүлэхэд НҮБ-ын “Өгөгдлийн хүч санаачилга” чухал болохыг онцолсон юм.
Мөн НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн статистикийн хорооноос бүс нутгийн статистикийн чадавхыг бэхжүүлэх чиглэлд хэрэгжүүлсэн ажлуудын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв.
Сэтгэгдэл үлдээх