Эндрю Бэрримэн: Баялгийн үр өгөөжийг ард түмэнд өгөхөд хууль батлахаас илүү зүйл хиймээр байна

.Graph
2025-03-10

Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр гадаад улсаас Монгол Улсад суух элчин сайд нар болон зарим олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын сэдэв нь манай улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын гол бодлогыг зөвлөлдөх байсан юм. 

Энэ үеэр Австралийн Элчин сайдын яамны дэд тэргүүн Эндрю Бэрримэн "Гадаадын хөрөнгө оруулалт гэж тухайлаагүй шүү. Хувийн хэвшил рүүгээ дайрсан, бизнесийн байгууллагууд нэлээн болгоомжилсон үйл явдал боллоо. Австралийн бизнес эрхлэгчид УИХ-ын гишүүдийг зөвхөн хууль батлаад зогсохгүй, хөрөнгө оруулалтын өгөөж ард түмэнд, эдийн засагт хэрхэн бууж байна вэ, гадаадын хөрөнгө оруулалт иргэдийн амьдралд хэрхэн үр өгөөжтэй очдог вэ гэдгийг таниулах шаардлагатай гэж үзэж байна. Энэ тал дээр ажиллах шаардлагатай санагдаж байна" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Үүний хариуд ЭЗХ-ийн сайд Л.Гантөмөр "Монгол Улсын уул уурхайг Норвегийн загвар руу алхаад байгааг анзаарах хэрэгтэй. Уул уурхайн өгөөжөөр дэд бүтэц барих гэхээс илүү ирээдүйд хадгалах, хувь хүмүүсийн ирээдүйд хөрөнгө оруулахад чиглэж байна. Нөгөөх нь ард түмэндээ шууд дэмжлэг өгөх байгаа юм. Мөн уул уурхайн ашгийн 51 хувь бол ард түмнийх байх Үндсэн хуультай. Тэгэхээр Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхийн тулд уул уурхайн компаниуд илүү нээлттэй байх хэрэгтэй. Сая гэхэд Зөөвч-Овоо төсөл дээр нээлттэй ярилцаад асуудлаа шийдсэн. Төр ороод хувь эзэмшээд, үйл ажиллагаанд нөлөөлөх сонирхол алга. Стратегийн орд л бол Үндсэн хуулийн зарчмаа хангах ёстойг тал талдаа ойлгох хэрэгтэй. Ингэж чадвал хөрөнгө оруулагчаа хамгаална" гэлээ.  

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe