Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил эхэллээ

.Graph
2025-03-10

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн хүрээнд дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж буй. Өнөөдөр тус төслийн барилга угсралтын ажил эхэллээ.

Яармаг-Хархорин чиглэлийн дүүжин замын тээвэр нь 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 7.5-42 метрийн өндөр, нийт 19 тулгуур баганатай байна. Нийт 19 тулгуур баганаас Туул голын ай савд байрлах зургаан баганыг усны урсац, шар усны үерээс урьтаж байрлуулж эхэлжээ. Тулгуур баганыг байрлуулж дууссаны дараагаар металл хийцийн ажлууд эхлэх аж. Төслийн барилга угсралтын ажил энэ оны арван хоёрдугаар сард багтаан дуусгах бөгөөд үргэлжлүүлэн гурван сарын хугацаанд туршилт, тохируулгыг хийнэ. Ингэснээр ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулах гэнэ.

Түүнчлэн барилга угсралтын хувьд төмөр бетон гадсан суурь, баганан суурь зэрэг хийцлэлтэй бөгөөд тулгуурууд нь Франц улсаас тавдугаар сар гэхэд тээвэрлэгдэж дуусах аж. Өрөмдлөгийг 15-20 метр гүнд хийж, 6-9 метр бетон суурийг цутгана. Мөн хоёр талын зогсоолын барилгын ажлыг хийх бөгөөд кабин хадгалах хоёр давхар барилга барих юм. 

Ташрамд, дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор оргил цагийн үед 22 км цагийн хурдтайгаар 11 минутад 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд тус бүр 10  хүний багтаамжтай нийт 98 кабин ажиллах аж.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe