Солонгосын даатгалын залилан 794.6 сая болж, дээд хэмжээндээ хүрчээ

Б.Сувданзаяа
2025-03-10

Даатгалын залилангийн улмаас төлөгдсөн нөхөн төлбөрийн хэмжээ дээд түвшинд хүрчээ. Энэ нь эрх баригчдыг даатгалын залиланг таслан зогсоох, хараа хяналтаа чангатгах арга хэмжээ авахад хүргэж байна гэж Санхүүгийн Хяналтын Алба (FSS) мэдэгджээ. 

Санхүүгийн хяналтын албаны мэдээлснээр даатгалын залилагчид 2024 онд хууль бус мэдүүлэг өгч 1.15 их наяд вон буюу 794.6 сая доллар авсан нь өмнөх оноос 3 хувиар өсөж хамгийн өндөр хэмжээнд хүрчээ.

Харин энэ төрлийн хэрэгт холбогдсон сэжигтний тоо өмнөх оны мөн үеэс 0.5 хувиар буурч, 108,997 болсон байна.

Хуурамч, эсхүл зохиомол эмнэлгийн бичиг баримт бүрдүүлж залилан мэхлэх гэмт хэрэг нийт худал мэдүүлгийн 58.2 хувийг эзэлж байгаа бол 20.2 хувийг хуурамч осол, 14.7 хувийг санаатай үйлдлүүд эзэлж байгаа юм. 

Ангиллаар нь авч үзвэл автомашины даатгал 49.6 хувь, урт хугацааны даатгалтай холбоотой залилангийн гэмт хэрэг 42.2 хувийг эзэлж байна.

20-30 насны сэжигтнүүдийн дийлэнх нь автомашины даатгалтай холбоотой буюу санаатайгаар мөргөлдөх, согтуугаар болон зөвшөөрөлгүй тээврийн хэрэгсэл жолоодох гэх мэт хэрэгт холбогдсон бол 50-аас дээш насныхан хуурамч эмнэлэгт хэвтсэн гэх мэтээр эмнэлэгтэй холбоотой залилан мэхлэх гэмт хэрэгт холбогдсон байна.

Санхүүгийн зохицуулах байгууллагаас ахмад настан, залуу үеийнхнийг даатгалын залилангийн гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, энэ төрлийн гэмт хэргийн үндсийг тогтоох зорилгоор мөрдөн байцаалтын ажиллагаа явуулна гэж мэдэгдлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe