MCS группийн З.Төрмандахыг суллаж, хилийн хориг тавилаа

.Graph
2025-03-11

MCS группийн хамаарал бүхий З.Төрмандахыг өнгөрсөн хоёрдугаар сард яллагдагчаар татан баривчилсан билээ. Түүнийг “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлсийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгүй” гэх заалтын дагуу сэжигтнээр татан шалгаж байсан юм.

Энэ талаар мөн ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "MCS групп гүйцэтгэх ажиллагаа явуулсан байж болзошгүй байна" хэмээн мэдэгдсэн. Тэгвэл шүүхээс З.Төрмандахахд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, прокурорын саналыг харгалзан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Тодруулбал, З.Төрмандахын өмгөөлөгч Х.Баатарбилэг, Э.Билэгсайхан нарын зүгээс яллагдагч З.Төрмандахад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрчлүүлэх тухай хүсэлт гаргажээ. Уг хүсэлтийг шүүх хүлээн авч 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан өмгөөлөгч нарын хүсэлт, прокурорын тайлбар, яллагдагчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд зэрэгтэй танилцахад, яллагдагч нь элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараах хүндрэл, чихрийн шижин хэв шинж 2 оноштойгоор Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн нэгдсэн эмнэлгээс Улсын Нэгдүгээр эмнэлгийн хяналтад мэс заслын хагалгаанд орох заалттайгаар шилжсэн нөхцөл байдлуудыг харгалзан яллагдагч З. Төрмандахад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, прокурорын саналыг харгалзан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэснийг шүүхээс мэдээллээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe