Даваа гарагийн өглөө Хойд тэнгисийн Их Британийн зүүн эрэгт онгоцны түлш тээвэрлэж явсан нефть тээвэрлэгч онгоц химийн өндөр аюултай хорт бодис ачсан ачааны хөлөг онгоцтой мөргөлджээ.
Уг осол Халл хотоос зүүн зүгт орших Зүүн Йоркшир эргийн ойролцоо даваа гарагт орон нутгийн цагаар өглөөний 9.48 цагт гарсан байна. АНУ-д бүртгэлтэй, АНУ-ын армийн нэрийн өмнөөс шатахуун тээвэрлэж явсан “Stena Immaculate” болон Португалийн далбаатай “Solong” гэх 2 онгоцонд одоо ч гал гарсаар байгаа юм. 183 м урт "Stena Immaculate" хөлөг онгоц Грекийн Айи-Теодори боомтоос Английн эрэгт ирээд зогсож байсан бол 140 м урт "Solong" Шотландын Грейнжмут боомтоос Нидерландын Роттердамыг чиглэн явж байжээ.
Эргийн хамгаалалтын командлагч Мэттью Аткинсон 36 хүнийг аварч, нэг хүнийг эмнэлэгт хүргэсэн гэж мэдэгдсэн. Мөн багийн нэг гишүүн одоог хүртэл сураггүй байгаа бөгөөд эрлийн ажиллагааг зогсоосон гэж HM Coastguard мэдэгдлээ.
Нефть тээвэрлэж явсан хүмүүсийн нэг BBC News-т хэлэхдээ, “Solong” онгоц гэнэт гарч ирээд Stena Immaculate хөлөгтэй мөргөлдсөн тухай мэдээлсэн юм.
Энэ талаар Дивизийн командлагч Аткинсон "Бохирдлын эсрэг шаардлагатай хариу арга хэмжээний үнэлгээг Далайн болон эргийн хамгаалалтын агентлаг хийж байна. Мөн далайд онгоцны түлш урссан нь тогтоогдсон тул байгаль орчинд учруулсан хохирлыг үнэлэх ажиллагаа үргэлжилсээр байгаа тухай ярилаа.
Ачааны хөлөг онгоц цианид натрийн 15 чингэлэг тээвэрлэж явсан байна. Натрийн цианид нь металл хавтанд хэрэглэхээс эхлээд олон төрлийн арилжааны зориулалттай. Энэ нь усанд маш сайн уусдаг бөгөөд хүчилтөрөгчийг шингээхэд нөлөөлдөг тул хортой байдаг. Хэрэв устай холилдсон бол "Цианидын устөрөгчийн хий үүсэх эрсдэлтэй бөгөөд энэ нь аврах ажилд оролцож буй хүмүүсийн аль нэгэнд эрсдэл учруулж болзошгүй" гэж Лидсийн их сургуулийн хүрээлэн буй орчны хор судлалын профессор Аластэр Хэй хэлсэн юм.
Мөн ахмад Кроули хэлэхдээ, Stena Immaculate онгоц мөргөх үед онгоцны түлш тээвэрлэж явсан бөгөөд онгоцны түлш нь буцлах температур өндөртэй тул аажмаар ууршина. Энэ нь бас хортой тул далайн амьтад үхэж болзошгүй гэдгийг хэлсэн юм.
Ослын газарт эргийн хамгаалалтын аврах нисдэг тэрэг, мөн дөрвөн аврах завь болон ойролцоох гал унтраах чадвартай хөлөг онгоцнууд ажиллаж байна.
Сэтгэгдэл үлдээх